Оюутны хөгжлийн хүүгийн зээлийг өнөөдрөөс эхлэн шинэ журмаар олгоно. Шинэ журмаар оюутнууд барьцаа хөрөнгөгүйгээр шууд зээл авах боломжтой болж байгаа юм байна.
Засгийн газрын хуралдаан 2018 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр болж, жилийн таван хувийн хүүтэй байсан “Оюутны хөгжлийн зээл”-ийг хүүгүй олгохоор шийдвэрлэсэн билээ. Тэгвэл өнөөдрөөс буюу тавдугаар сарын 1-ны өдрөөс эхлэн оюутан залуучуудад “Оюутны хөгжлийн зээл”-ийг шинэ журмаар олгож эхлэх юм. Ингэхдээ бакалаврт суралцаж байгаа зээлдэгчийн өмнөх улирлын голч дүн 2.8 болон түүнээс дээш, магистрант, докторантад суралцаж байгаа зээлдэгчийн өмнөх улирлын голч дүн 3.2 дээш байх тохиолдолд зээлийг олгох аж.
Харин шинээр оюутан болох гэж сурагчдын хувьд ерөнхий шалгалтаа 600 онооноос дээш өгсөн бол энэхүү зээлд хамрагдах болзол хангана. Оюутны хөгжлийн зээлд төрийн болон төрийн бус их, дээд сургуулийн оюутнууд хамрагдах боломжтой. Оюутнууд сургуулиа төгсөөд ажилтай, орлоготой болсныхоо дараа зээлээ эргэн төлөх юм гэнэ.