Төмс, хүнсний ногооны агуулахын хүчин чадлыг нэмнэ

Улсын хэмжээнд төмс, хүнсний ногооны зориулалттай 200.2 мянган тоннын багтаамжтай 9700 гаруй зоорь ашиглагдаж байна. Энэ нь хүн амын хэрэгцээг бүрэн хангах зорилтот ургацын 56 хувийг хадгална гэсэн үг.Тиймээс төмс, хүнсний ногооны агуулахын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр Сэлэнгэ аймагт 15 мянган тонн багтаамжтай элеватор байгуулах ажлыг эхлүүлэхээр бэлтгэлээ базааж байна.

Мөн Улаанбаатар хотод байгуулах төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, махны хадгалалт, борлуулалтын цогцолбор төвийн ТЭЗҮ-ийг боловсруулж байгаа бөгөөд тус төвийг 2019-2020 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

БНПУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Хүнсний ногооны үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх” төслийн хүрээнд төмс, хүнсний ногооны техникийн шинэчлэл хийх, Төв аймагт төмсний цардуулын үйлдвэр байгуулах, 15-20 мянган тонн багтаамжтай механикжсан зоорь байгуулах төсөл хэрэгжүүлэх юм. Түүнчлэн улсын төсвийн 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сэлэнгэ, Баян-Өлгий, Ховд аймгуудад хүнсний ногооны зоорь байгуулна.