УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Холбооны эрх зүйн байдлын тухай хууль болон уг хуулийн төсөлт холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжихгүй байгаа бөгөөд дахин оруулж ирэх шаардлагатай гэдгээ илэрхийлсэн юм.
Тэрбээр “ХЗДХЯ-наас оруулсан Холбооны тухай хуулийн төслийг УИХ яг одоо хэлэлцэж байна. Иргэний нийгмийн байгууллагууд бол гишүүдийн болон нийтийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг ардчилсан нийгмийн том институт юм. Гэтэл хуулийн төслийн зарим заалт иргэний нийгмийг хааж боогдуулсан шинжтэй байна.
Иргэний нийгмийн байгууллагууд хүний эрх, энхтайван гэх мэт олон талбарт өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг атал “Холбоо”, “сан” гэсэн эрх зүйн хоёрхон зохицуулалт дор хамруулж байгаа нь буруу.
Хуулийн төслийн 5 дугаар зүйл төр, холбооны харилцаа гэсэн бүлгээр, 9 дүгээр зүйлд иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааг хориглох гэдэг заалтуудаар маш олон үйл ажиллагааг нь хязгаарлаж, хэрэв уг заалтыг зөрчсөн тохиолдолд татан буулгахаар байгаа нь иргэний нийгмийн орон зайг хязгаарлаж байна.
9.1.3.Үндсэн зорилго, үйл ажиллагаагаа өөрчилж, ашгийн төлөө ажиллах, аливаа хэлбэрээр ашиг хуваарилахыг хориглоно. Үндсэн зорилго, үйл ажиллагаагаа өөрчлөх” гэдгийг хэрхэн ойлгох нь тодорхойгүй байна.
“9.1.1.улс төрийн нам, улс төрийн намын байгууллагын үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг хориглоно.
31.1.3.Энэ хуулийг 9.1.1-д заасныг зөрчсөн нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон бол татан буулгаж болно” гэсэн заалтууд манай намын болон бусад бүх намын хүний эрх, улс төрийн боловсролын чиглэлээр ТББ-уудтай хамтрах бүх үйл ажиллагааг хязгаарлах юмуу хориглоход хүргэх эрсдэлтэй байна.
Ялгаж салгахад хэцүү, үзэмжээр тодорхойлогдох боломжтой зохицуулалтууд тусгаж, татан буулгах үндэслэл болгосон нь иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарлах эрсдэлтэй байна.
Тийм учраас УИХ-ын ТББХ-ноос байгуулагдах Ажлын хэсэг Холбооны тухай хуулийг хэлэлцэхийг эсэргүүцэж байна” гэв.
Ийнхүү УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг хуулийн төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлж үг хэлсний дараа МАН-ын бүлэг уг хуулиар 5 хоногийн завсарлага авлаа.