Жагсаал цуглаан хийх тухай журмын хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх, нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар өнөөдөр нийтийн сонсгол зохион байгуулж байна.
Нийтийн сонсголын эхэнд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг холбогдох албаныхнаас асуулт асууж, хариулт авлаа.
Тэрбээр "1994 онд батлагдсан Жагсаал цуглаан хийх тухай хууль 27 жилийн дараа цаг үеэс хоцорсон, хууль хоорондын хэрэглээний зөрчил гаргадаг хууль болжээ. Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд 14 дүгээр зүйлд цагдаагийн албан хаагчид Засаг даргын шийдвэргүйгээр тараах мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан цагдаагийн байгууллага жагсаал цуглааныг албадан тараахын өмнө энэ шийдвэрийг тухайн оролцогчдод уншиж танилцуулна гэсэн заалтуудыг хэрэгсэхгүй тараагаад байна. Цагдаагийн албан хаагчийн шаардлагууд жагсаал цуглаан хийх эрхтэй нийцэхгүй байна.
Тайван жагсаал цуглаан хийх эрх нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт болон Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрх билээ.
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 14 дүгээр зүйлд жагсаал, цуглааныг албадан тараах үйл ажиллагааг зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу холбогдох шатны Засаг даргын албадан тараах шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлэхээр хуульчилсан. Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлд цагдаагийн байгууллага байгууллага жагсаал, цуглааныг албадан тараахын өмнө албадан тараах тухай Засаг даргын шийдвэрийг мэдэгдэж, биелүүлээгүй, эсхүл эсэргүүцсэн тохиолдолд авах арга хэмжээг урьдчилан анхааруулна хэмээн заасан.
Гэвч цагдаагийн байгууллагаас дээрх хуулийн заалтыг илэрхий зөрчин, жагсаал, цуглааныг албадан тараах Засаг даргын шийдвэр гараагүй байхад Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйл буюу гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох талаарх цагдаагийн албан хаагчийн шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн тохиолдолд иргэнд албадлага хэрэглэх зохицуулалтыг үндэслэн жагсаал, цуглааныг тараах явдал гарч байгаа нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль болон Цагдаагийн албаны тухай тухай хуулийг зөрчиж байна.
Түүнчлэн нэг хүний үзэл бодлоо илэрхийлсэн суулт, өлсгөлөн, албан шаардлага хүргүүлэхээр хүмүүс хэсэг бүлгээрээ төрийн байгууллагын үүдэнд очих, хүлээх зэргийг бүртгэлгүй явагдаж байгаа жагсаал, цуглаан хэмээн үзэж албадан тараах үйл ажиллагаа цөөнгүй явагдаж байна. Мөн нэг хүний зохион байгуулсан суулт, өлсгөлөн зэргийг жагсаал, цуглаан хэмээн үзэж цагдаагийн хүчээр албадан тараах эсэх талаарх саналын зөрөлдөөн Ковид-19 цар тахлын үеийн хууль сахиулах үйл ажиллагааны үед цөөнгүй гарсан.
Жишээлбэл, 2020 оны дөрөвдүгээр сард Сүхбаатарын талбайн өмнө цэцэрлэгт хүрээлэнд усан оргилуур хийхийг эсэргүүцсэн иргэн М-ийн жагсаалыг цагдаа нар ирж болиулаад микрофоныг нь хурааж авсан байдаг. Мөн маргааш нь иргэн М дахиад жагсаал хийх үед цагдаагийн албан хаагчид архи уусан байна гэдэг шалтгаанаар торгох шийтгэл ногдуулсан.
Гэтэл Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх энэ хэргийг авч хэлэлцээд “Гамшгаас хамгаалах хуулийг зөрчсөн зөрчил биш. Зөрчил гэж тогтоодохгүй байна” гээд торгох шийтгэлийг хүчингүй болгосон.
Иймэрхүү хууль хэрэглээний ноцтой алдааг залруулах арга хэмжээг авч, дахин энэ төрлийн алдаа гаргахгүй байх тухайд ЦЕГ-ын байр суурь ямар байгаа болон энэ асуудлаар ХЭҮК ямар байр суурьтай байдаг вэ?" хэмээн асуув.
Түүний асуултад Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хариулахдаа "Гурван байгууллагын мэдээлэлд сүүлийн жилүүдэд жагсаал цуглааны тоо нэмэгдэж байгаа мэдээллийг өгч байна. Энэ юуг хэлж байна вэ гэхээр эрхийнхээ төлөө үг хэлж үзэл бодлоо илэрхийлэх илэрхийлэл илүү сайжирч байгаагийн нэг хэлбэр гэж ойлгож болно. Уг хуульд гурван өөрчлөлтийн асуудал явж байгаа.
Уг хуульд гурван өөрчлөлтийн асуудал яригдаж байгаа. Нэг нь, УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилсан Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд ХЗДХЯ санал дүгнэлтээ гаргаад өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд Н.Учрал гишүүний өргөн барьсан хуулийн төсөл Засгийн газрын санал дүгнэлтийг нэгтгэн танилцуулаад УИХ-д хүргүүлэх шатанд явж байна. Хоёрдугаарт, ирэх оны эхээр Зөрчлийн тухай хуулийг шинэчилсэн найруулга хэлбэрээр оруулж ирэхээр төлөвлөж байна" гэв.