Б.Пүрэвдорж : Хөшөө барихад мөнгө харамладаггүй байж амьд бурхад ахмадуудаасаа тэтгэвэр битгий харамла

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар 13 асуудал хэлэлцэх юм байна. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмжийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэх асуудалд нэмж оруулахыг хүсчээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж : 

“Өнөөдөр ахмадууд 300-400 мянган төгрөгийн тэтгэвэр авч амьдарч байна. Ковидын хүнд үед, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн цагт тэтгэврээр амьдрах маш хэцүү байгаа. Тиймээс энэ хуулийг төсөл батлагдвал ахмадууд сард дунджаар 120 мянган төгрөг нэмж авах юм. Энэ хуулийг зайлшгүй батлах шаардлагатай.

Хөшөө барихдаа харамлаагүй мөнгөө амьд бурхад болсон ахмадуудаас харамлаж болохгүй. Би өөрөө ахмадуудтайгаа нэгдэж, фэйсбүүкт групп нээсэн байгаа. “7 жилийн дунджаар биш 5 жилийн дунджаар тэтгэврээ тогтоолгоё” гэдэг нэртэй групп. Хамтдаа тэмцэнэ. Цагаан сар болж байна. Энэ хуулийг батлаж ахмадуудад бэлэг бариарай. Мөн энэ хуулийг ирэх долоо хоногийн хэлэлцэх асуудлуудад оруулж өгөхийг шаардаж байна “

Б.Пүрэвдорж гишүүний өргөн барьсан энэхүү хэлэлцэх асуудалд УИХ-ын дарга Г.Занданшатар ийнхүү хариулав: 

Тэрбээр, “Нийгмийн даатгалын багц хуулийг Засгийн газраас өргөн барьсан Нийгмийн бодлогын байнгын хороон дээрээ хэлэлцэх хэрэгтэй. Н.Учрал гишүүний өргөн барьсан хувийн тэтгэврийн хууль бас байгаа.

Өнөөдрийн хэлэлцэх асуудал биш учир Б.Пүрэвдорж гишүүний дэвшүүлсэн уг асуудалд санал хураахгүй. Даргын дэргэдэх зөвлөл дээрээ, Байнгын хороодын даргатайгаа яриад хэлэлцээрэй” гэв.