Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Тод каннам” эмнэлгийн эмч нарт холбогдох хэргийг прокурорт буцаажээ.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас “Тод каннам” эмнэлгийн эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байсан.
Тэгвэл шүүх бүрэлдэхүүн уг хэргийг өнөөдөр хянан хэлэлцээд иргэний хариуцагч “Тод каннам” эмнэлгийн захирал Д.Тоднямыг уг хэрэгт хамааралтай байна гэж үзэн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.
Хэргийг тодруулбал 2019 оны гуравдугаар сарын 26-ны өдөр Тод каннам эмнэлэгт өөх соруулах хагалгаанд орсон эмэгтэй амиа алдсан.
Энэ талаар хохирогч эмэгтэйн аав С.Гүндсамбуу 2020 онд хэвлэлийн хурал хийх үеэрээ “Бид ид хийж бүтээх 29 насан дээр байсан ганц охиноо алдсан. Хуулийн байгууллага “Тод каннам” эмнэлгийн Д.Тодномбат, н.Мөнгөнчимэг гэсэн хоёр хүнийг л холбогдогчоор татсан байгаад сэтгэл дундуур байна.
Учир нь тэр хоёр хүн хувиараа мэс засал хийгээгүй. Үүний цаана том эмнэлэг байсан.Миний охин эмч дээр очиж биш, гоо сайхны эмнэлэгт очиж мэс засалд орсон гэж би бодож байгаа учраас хуулийн этгээдийг холбогдогчоор татаж өгөхийг шүүхийн байгууллагаас хүсэж байна.Энэ хэрэг болоод ийм удаж байхад “Тод каннам” эмнэлгийн зүгээс бидэн рүү нэг ч удаа утастаж эмгэнэл илэрхийлээгүй” хэмээн ярьж байв.
Өдгөө тус эмнэлэг нэрээ өөрчлөн SM медикал нэрээр үйл ажиллагаа явуулсаар байгаа билээ.