Мал бүхий иргэдийг аймгийн төвөөс гаргахад онцгой анхаарахыг хүслээ

Долоо хоног бүрийн Мягмар гарагт хэлтэс, албадын дарга нарын шуурхай хуралдаан болж, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд иргэдээс ирүүлсэн санал, гомдлыг хэлэлцдэг уламжлалтай. Өнөөдөр 28 иргэнээс ирсэн мэдээллийн дагуу аймгийн удрдлагуудаас агентлагийн дарга нарт хандан үүрэг чиглэл өглөө.

Аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж иргэдээс ирүүлсэн санал, гомдлыг хугацаандаа багтаан шийдвэрлэж байхыг дарга нарт сануулав. Мөн ойролцоо газар бүс тогтоон малчин, мал бүхий иргэдийн малыг аймгийн төвөөс гаргах асуудалд Арвайхээр сумын Засаг дарга О.Пүрэвдоржийг онцгой анхаарахыг хүслээ. Тэрээр “Саяны шүлхий өвчин иргэдэд ямар хүнд туслаа. Зах, дэлгүүр, үйлчилгээний төвүүд ажиллахгүйгээс болж олон иргэн банкны зээлээ, түрээсээ өгч чадахгүйд хүрсэн.

Худалдан авалт цөөн хэдэн дэлгүүрт төвлөрснөөс болж, хүнс барааны үнийн өсөлт нэмэгдсэн. Хэрэв малын боом өвчин гарвал бүр хүнд байдалд орно” гэсэн юм.