УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг ерөнхий боловсролын 22 сургуульд цахим сургалтын тоног төхөөрөмжүүдийг гардууллаа

Дэлхий дахинд тархсан цар тахлын нөхцөл байдлын улмаас цахим ертөнцөөр дамжуулж хөгжих боломжийг бид хүссэн хүсээгүй ашиглах ёстой болсон. Цаг үеийн энэхүү хэрэгцээ шаардлагад сургалтын арга хэлбэрийг нийцүүлэх, багш, сурагчдад дэмжлэг болгох нь боловсролын салбарын чухал зорилтуудын нэг болсон юм. Иймд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн санаачилгаар Сүхбаатар дүүргийн 22 сургуулийг цахим нэгдсэн системд холбох тоног төхөөрөмжүүдийг өнөөдөр гардууллаа. Нийт 850 сая төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд сургууль тус бүр принтер, зөөврийн компьютер, таблет, ухаалаг самбар, LED дэлгэцийг олгож байгаа юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг хэлэхдээ “Боловсролын багц хуулийн асуудлаар  багш нар, судлаачид, мэргэжилтнүүд, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцсон хэд хэдэн удаагийн цуврал хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн үеэр багш нар боловсролын салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэх, боловсролын тэгш бус байдлыг арилгахын тулд  төрийн бодлогоор дэмжих хэрэгтэй гэдгийг онцлон хэлж байсан.

Цахим шилжилтийг амжилттай хийж чадвал боловсрол тэгш, хүртээмжтэй байх боломж бүрдэнэ. Эс чадвал цахим шилжилт нь “цахим хуваагдал” гэгчийг бий болгож нийгмийн тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлэх эрсдэлтэй.

Тийм учраас хүүхэд бүрт оршин суугаа газар, эцэг эхийн орлогын байдлаас үл хамааран чанартай боловсролыг төрөөс олгох ёстой. Үүнд цахим сургалт онцгой үүрэг гүйцэтгэх учраас Сүхбаатар дүүргийнхээ ЕБС-иудын цахим сургалтыг дэмжих, компьютер, принтер, тоног төхөөрөмжөөр хангах 850 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж ажиллалаа” гэсэн юм.

Мөн Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох “2021 оны улсын төсвөөр нийслэлийн боловсролын салбарт хийгдэж байгаа ажлуудыг энэ ондоо багтаан хүлээлгэж өгөх арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байгаа. Энэ жил нийслэлд нийт 9 арга хэмжээ болж байгаагийн нэг нь Сүхбаатар дүүргийн ЕБС-иудыг цахим системд холбох төсөл юм. Үүнийг тус дүүргээс сонгогсдон УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг санаачилж, төсөвт суутгаж, боловсролын байгууллагуудыг дэмжиж ажиллаж байгаад маш их талархаж байна. Нийт 850 сая төгрөгийн төсөвт өртөгтэй энэ төсөл СБД-ийн ЕБ-ийн 22 сургуульд хэрэгжихээр тусгагдсан. Тендер сонгон шалгаруулалт зарлах, гүйцэтгэгч компанийг сонгох зэрэг ажлыг Нийслэлийн боловсролын газар гүйцэтгэн ажиллаж байна” гэв.

СБД-ийн 131 дүгээр сургуулийн захирал Б.Сайнцэцэг: УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн санаачилгаар хэрэгжүүлж байгаа энэ ажил цаг үеэ олсон маш чухал ажил болж байна. Учир нь цар тахлаас болж сүүлийн 2 жил гаруйн хугацаанд хүүхдүүд цахимаар хичээллэсэн. Энэ жил ч мөн адил цахим, танхимын хичээл хослоод явж байна. Цахимаар хичээллэхэд компьютерын үзүүлэлт муугаас болж гацах, сурагчдын даалгаврыг цаг тухайд нь шалгаж чадахгүй зэрэг асуудлууд их тулгардаг байсан. Харин одоо энэ асуудлууд бүрэн шийдэгдэх боломжтой боллоо. Манай сургууль ерөнхийдөө бага сургууль тул өнөөдөр гардуулсан тоног төхөөрөмжүүд хангалттай хүрэлцэнэ. Маш их сэтгэл хангалуун байна.

СБД-ийн 35 дугаар сургуулийн захирал Д.Оюунгэрэл: УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг өөрөө боловсролын салбараас төрөн гарсан гишүүн болохоор салбарынхаа асуудлуудыг хамгийн түрүүнд олж харж, гарц шийдлийг нь эрэлхийлж байгаа нь маш сайшаалтай. Багш нарын өдөр тутмын үйл ажиллагаанд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэж өгсөнд талархаж байна. Ц.Мөнхцэцэг гишүүн манай сургууль дээр ирж, багш нартай уулзалт хийж байсан. Энэ үеэрээ багш нарын асуудлуудыг сонсож, Боловсролын багц хуулийн төсөлд тусгахаар ажиллаж байгааг нь харах сайхан байна.