УИХ-ын ТББХ, КОЙКА олон улсын байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP)-тэй хамтран “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд “Улс төрийн санхүүжилт ба эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо: БНСУ-ын туршлагаас суралцах цахим болон танхимын хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна.
Энэхүү хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ж.Мөнхбат, С.Одонтуяа нарын тэргүүтэй эрдэмтэн судлаачид, Үндэсний Ассемблейн Хууль судалгааны газар, Эмэгтэйчүүд, улс төр төв, НҮБХХ-ийн төслийн мэргэжилтнүүд оролцлоо.
Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, С.Одонтуяа, НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Илейн М. Конкиевич үг хэлсэн бөгөөд үүний дараа эхний илтгэлийг УИХ-ын гишүүн, Хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнхцэцэг тавьсан юм.
Тэрбээр “МУ-ын Улс төрийн намын тухай хуулийн төсөл болон эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо” сэдвээр илтгэл тавихдаа холбогдох хуулиудад жендэрийн тэгш оролцоог дэмжсэн тодорхой зохицуулалтыг хийхээр хуульчилж байгааг онцоллоо.
Тухайлбал, “1992 оны Үндсэн хуульд нийцүүлэн "Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай" хуулийг 2011 онд батлан хэрэгжүүлсэн. УИХ болон орон нутгийн сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуульд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх квот тусгаж өгсөн. Хууль эрх зүйн хувьд олон сайн зохицуулалт, хэм хэмжээг тусгаж өгсөн хэдий ч хууль хэрэгжүүлэх тал дээр цаашид анхаарах олон асуудал бий. Жишээлбэл, улс төрийн намын гишүүдийн 50 гаруй хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг хэр нь шийдвэр гаргах түвшний буюу УИХ, Засгийн газар, ИТХ, улс төрийн намын удирдлагад тэдний төлөөлөл хангалтгүй байна.
Улс төрийн намын тухай хууль болон Сонгуулийн тухай хуулиудаар хүйсийн тэгш байдлыг хангах зарчмын зохицуулалт байдаг. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 30.2-д нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчийн 20-иос доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна. Гэвч сонгуульд өрсөлдөх нь өндөр зардалтай байгаа өнөөгийн нөхцөлд эмэгтэй нэр дэвшигчдэд ихээхэн бэрхшээл тулгардаг. Зарим улс төрийн намууд нэр дэвшигчдээсээ дэнчин хэмээх мөнгө татдаг нь нэр дэвших хүсэлтэй залуучууд, эмэгтэйчүүдийн боломжийг хаасан.
Иймд Монгол дахь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог сайжруулахдаа төрөөс Улс төрийн намд олгох санхүүжилтийн тодорхой хэсгийг эмэгтэй улс төрчдийг бэлтгэх, сургах ажилд зарцуулахаар хуульд тусгах нь зүйтэй. Мөн намын бүтэц, шийдвэр гаргах үйл ажиллагаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах зарчмыг хуульчилна.
Үүгээр зогсохгүй эмэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн УИХ дахь төлөөллийг нэмэгдүүлэхийн тулд төрийн санхүүжилтийн тодорхой хувийг энэхүү зорилтот бүлэг рүү чиглүүлэх зарчмын өөрчлөлтүүдийг тусгалаа" гэсэн юм.