Халууны шил, даралтын аппарат худалдан авахдаа баталгаажуулалттай эсэхийг шалгана уу

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас эмнэлгийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдаалдаг бөөний төвүүдэд хэмжих хэрэгслийн баталгаажуулалтад болон тусгай зөвшөөрөлд хяналт шалгалт хийж байна. Одоогоор шалгалтанд “Мерит” ХХК, “Сабо трейд” ХХК, “Монос фарм” ХХК, “Нил фарм” ХХК, “Омбал” ХХК, “Тавин ус” ХХК, “Нуган” ХХК, “Чинбаян” ХХК, “Барагшун” ХХК, “Цахиур төмөр” ХХК, “Ази фарм” ХХК, “Энто” ХХК, “Нью ремели” ХХК, “Эм Эн Жи Би” ХХК, “Фармед ресурс” ХХК, “Торгон туул” ХХК, “Цагаан овоо” ХХК зэрэг 16 аж ахуйн нэгжийг хамруулсан бөгөөд хяналт шалгалт үргэлжилж байна. 

Эдгээр компаниудаас “Монос фарм” ХХК, “Фармед ресурс” ХХК нь даралтын аппарат, термометр худалдах тусгай зөвшөөрлийг Стандарт, Хэмжил зүйн газраас авсан байна. Харин бусад компаниуд нь тусгай зөвшөөрөлгүй  эмнэлгийн хэмжих хэрэгслийг худалдаалсан, улсын баталгаажуулалтад хамрагдаагүй, баталгаагүй байсан зэрэг нийтлэг зөрчлүүд илэрлээ. Хэмжих хэрэгсэл худалдаалдаг аж ахуй нэгж байгууллагууд тусгай зөвшөөрөлтэй, худалдан борлуулах, хэмжих хэрэгсэл бүрийг улсын баталгаажуулалтад хамруулж гэрчилгээ авсан, Монгол улсад ашиглах хэмжих хэрэгслийн бүртгэлд бүртгүүлсэн байх, загварын туршилт хийлгэсэн байх  шаардлагатай юм.  

Иймд иргэд, худалдан авагчид эмийн сан, бөөний төвүүдээс хүний биеийн цусны даралтын аппарат, термометр /халууны шил/, эмнэлгийн болон хүүхдийн жин худалдаж авахдаа тухайн хэмжих хэрэгслийн улсын баталгааны гэрчилгээг заавал дагалдуулан авах хэрэгтэй. Мөн улсын баталгаатай хэмжих хэрэгсэл эсэхийг заавал шалгаарай.

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар.