БНХАУ-ын эрдэмтэд коронавирусний халдварыг саармагжуулж, эсрэг биет үүсгэх шинэ эмийг гарган авлаа. Уг эмийг Бээжингийн Дитан эмнэлэг өвчтөнүүддээ хэрэглэж эхлээд байна.
Энэхүү эмийг Бээжингийн их сургуулийн биоанагаахын анхдагч инновацийн төвийн захирал Си Шиаолианаар ахлуулсан баг хамтран бүтээжээ. Харин тус улсын зохицуулагчид, дотооддоо гарган авсан уг эмийг долоо хоногийн дотор батлаж, зөвшөөрөл олгож магадгүй тухай зарим хэвлэлүүд онцолсон юм. Коронавирусний эсрэг уг эм нь дэлхий даяар хурдацтай тархаж байгаа Дельта хувилбар болон өөр хэд хэдэн хувилбарын эсрэг үр дүнтэй гэж эм гарган авсан Сингломиск компаниас мэдээлсэн байна.
Бээжингийн Их сургуулийн Биоанагаахын анхдагч инновацийн төвийн судлаач Цао Юнлон: "Коронавирус нь эсэд нэвтрэхээсээ өмнө хүний эсийн рецептортой харилцан үйлчилдэг. Бидний гаргасан эсрэг биет үүсгэх эм нь коронавирус болон хүний эсийн рецепторуудын харилцан үйлчлэлийг тасалж, эсэд вирус нэвтрэхийг хориглодог".
Өнөөдрийн байдлаар уг эмийг хэрэглэсэн 36 өвчтөний эсрэг биеийн түвшин мэдэгдэхүйц нэмэгдэж, амт, үнэр сэргэж, уушгины үйл ажиллагаа сайжирчээ. Одоогоор уг эмийг бүтээсэн судалгааны баг гаднын улс орнуудад эмнэлзүйн судалгаа хийж, эмийн үйлдвэрлэлийг эхлүүлэхийг зорьж байна. Хэдийгээр уг эмийн туршилт бага цар хүрээг хамарсан ч Singlomics нь Хятадын үндэсний эмийн групп Sinopharm-тай хамтран гадаадад 2 болон 3 дугаар шатны туршилтуудыг явуулах хүсэлтээ гаргажээ.
БНХАУ-ын хувьд цар тахал дэгдсэнээс хойш коронавирусний эсрэг эм, эмчилгээг хөгжүүлэх 53 судалгааны төсөлд нийтдээ 315 сая юань буюу 49.3 сая америк доллар зарцуулсан байна. Одоогоор дэлхийн зарим улс коронавирусний эсрэг эмийн эмчилгээнд анхаарал хандуулж эхлээд байна.
Тухайлбал, Америк болон Их Британид “Merck” болон “Pfizer”-ийн гарган авсан коронавирусний эсрэг эмүүд нь эмнэлэгт хэвтэх, нас баралтыг эрс багасгадаг болох нь батлагдаад байгаа юм. Мөн Файзерын зүгээс дэлхийн 90 орчим улсад эм үйлдвэрлэх зөвшөөрөл өгөхөө мэдэгдсэн аж.
Нийтэлсэн: Moнголын мэдээ