Ирэх 2022 оны 2 дугаар сард өвлийн олимпын 24 дүгээр наадам БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохион байгуулагдана. Хэдийгээр цар тахлын энэ хүнд цаг үед олимпын наадам болох гэж байгаа боловч Бээжин хотын эрх баригчид, наадмыг амжилттай зохион байгуулахад бүхий л хүчин чармайлтаа гарган ажиллаж байна.
Олимпын наадам эхлэхэд хэдхэн сар үлдээд байгаа энэ цаг үеэс, хотын удирдлагууд, вирусний дэгдэлтээс сэргийлж, тодорхой хязгаарлалтуудыг нэмэгдүүлж эхэллээ. Тухайлбал, лхагва гарагаас эхлээд Бээжин хотод ирж байгаа бүх хүмүүс коронавирус илрүүлэх шинжилгээг 48 цагийн дотор хийлгэж, сөрөг гарсан хариугаа шалгуулан хотод нэвтрэх шаардлага тавьж байгаа.
Үүний зэрэгцээ сүүлийн 2 долоо хоногт халдвар илэрсэн бүс нутгаас хүмүүсийг нийслэл хотдоо нэвтрүүлэхгүй байх хатуу хязгаарлалтыг ирэх өвлийн олимпын наадам хүртэл дагаж мөрдөх юм. Мөн наадмыг эрүүл, аюулгүй орчинд явуулахын тулд ирэх оны 1 дүгээр сарын сүүлчээс наадам дуусах хүртэл Бээжин хот өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих аж.
БНХАУ дэлхий нийтэд тархаад байгаа цар тахлын дэгдэлтийг хумьсан цөөн орны нэг. Гэвч, 10 дугаар сарын дунд үеэс эхлэн тус улсын хэд хэлэн хотод халдвар бүртгэгдэж, хамгийн сүүлийн мэдээгээр дотоодод халдварласан 11 тохиолдол бүртгэгдсэний нэг нь Бээжин хотод илэрчээ.
Нийтэлсэн: Moнголын мэдээ