“Дэлхийн номын өдөр” өдөрлөг Төрийн ордонд болж байна

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль хамтран “Дэлхийн номын өдөр”-ийг өнөөдөр (2017.04.23) Төрийн ордонд зохион байгуулж байна.

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын Ерөнхий бага хурлаар анх 1995 онд жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ныг “Дэлхийн номын баяр бөгөөд зохиолчдын эрхийг хамгаалах өдөр” болгон зарласан байдаг. Энэ өдрийг Монгол Улсад тэмдэглээд 23 жил, номын баярын өдөрлөгийг Монгол Улсын Их Хурлын Тамгын газар зохион байгуулаад дөрөв дэх жилтэйгээ золгож байгаа юм.

Номын өдөрлөгийн нээлтэд Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд, УИХ-ын гишүүд, хамтран зохион байгуулагч ШУТИС, хамтран оролцогч  ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын зохиолчдын эвлэл, Монголын номын сангуудын консерциум, Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын төлөөлөл болон Тамгын газар, намын бүлгийн ажилтнууд, гишүүдийн зөвлөх, туслахууд, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газрын ажилтнууд оролцов.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ, өдөрлөгийн ач холбогдлыг бид нэг талаас соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх зэрэг Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийг таниулан сурталчилах, нөгөө талаас Төрийн ордонд ажиллаж байгаа болон ажлаар орж ирсэн иргэд, олон нийтийг шинэ номтой танилцах, худалдаж авахад нь ойртуулах зорилготой гэж үзэж байна гэлээ.

Нээлтийн үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон УИХ-аас хэвлэн гаргасан номын багцыг ШУТИС-ийн захирал доктор, профессор Б.Очирбат, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг нарт гардуулан өглөө. Мөн ЮНЕСКО-ийн дэмжлэгтэйгээр хэвлэн нийтлүүлсэн номууд болон ШУТИС-ийн эрдэмтдийн бүтээлийн дээжээс УИХ-ын Тамгын газарт хүлээлгэн өгөв.

Номын өдөрлөгийн нээлтэд үг хэлсэн ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга “Номын хүчийг онцлох боломжийг энэ өдөр бидэнд олгож байна” гэсэн бол Монголын зохиолчдын эвлэлийн Гүйцэтгэх захирал, Соёлын гавьяат зүтгэлтэн А.Эрдэнэ-Очир “Хүн төрөлхтөний хүнлэг чанарыг дээшлүүлэгч нь ном юм” гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа үг хэлэв. Тэрбээр “Монгол орны ирээдүйг сайн сайхнаар төсөөлөхийн тулд хүнээ хөгжүүлэх хэрэгтэй. Хөгжсөн хүн гэдэг бол юун түрүүн уншиж, мэдсэн хүн байдаг. Тэгэхээр хүүхдүүдээ номонд дуртай байх, номын эзэн байх боломжоор төр хангаж өгөх ёстой” гэсэн юм.

Энэ жилийн өдөрлөгт “ “Непко”, “Мөнхийн үсэг”, “Мон судар”, “Болор судар”, Интерном”, “Аз хур”, “Жиком пресс”, “МУИС пресс”, “Мир ном”, “Сэлэнгэ пресс” зэрэг 12 хэвлэлийн газар, номын дэлгүүр оролцож, шинэ ном товхимлын дээжээ танилцуулан номын хямдралтай үйлчилгээ үзүүллээ.

“Дэлхийн номын баяр бөгөөд зохиолчдын эрхийг хамгаалах өдөр”-ийг дэлхийн 100 гаруй оронд зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, ном уншихын ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулж хэвшжээ

Эх сурвалж: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс