Өнөөдөр хөлбөмбөгийн “Алтан дагина” цом Монголд ирнэ

Монголын мянга мянган хөлбөмбөгийн хорхойтнуудын хувьд өнөөдөр түүхэн өдөр тохиож байна. Спорт сонирхогчдын анхаарлын төвд байгаа хөлбөмбөгийн ДАШТ ОХУ-д эхлэхэд 50 хоногийн хугацаа үлдлээ.

Эдгээр өдрүүдэд Монгол Улсад олон арга хэмжээ зохион байгуулагдаж байгаагийн нэг нь дэлхий хотуудад аялаж буй “Алтан цом”-ыг дэргэдээс нь харах боломж тохиож буй.

2006 оноос эхлэн Олон улсын хөлбөмбөгийн холбооноос “FIFA WORLD CUP TOUR” арга хэмжээг зохион байгуулж, дэлхийн олон арван сая хөлбөмбөгийн фанатад “Алтан цом”-ыг хамгийн ойроос харж, зургаа татуулах боломжийг олгож буй.

Хөлбөмбөгийн ДАШТ-ий аварга багт олгодог “Алтан дагина” буюу “Алтан цом”-ыг өнөөдөр Шангри-Ла худалдааны төвийн нэгдүгээр давхарт 13:00-20:00 цагийн хооронд олон нийтэд үнэ төлбөргүйгээр үзүүлэхээр болсон.

Спортын ертөнцийн хамгийн нэр хүндтэй, хамгийн үнэ цэнэтэй, бас хамгийн алдартай “Алтан цом”-ыг хамгийн ойроос харах боломжийг Монголын хөлбөмбөгийн холбоо олгож байна.

“Кока-Кола” компани Дэлхийн хөлбөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулдаг “World Cup Trophy Tour” буюу “Дэлхийн цом”-ын аялал өнгөрсөн оны есдүгээр сарын 9-өөс эхэлсэн. Тухайн үед цомыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Москва хотоос үдэн гаргаж байсан юм.

“Алтан цом” 2006 онд 29 оронд зочилж, 175 мянган фанат оролцсон бол 2010 онд 84 оронд аялахдаа нэг сая, 2014 онд 90 оронд саатаж 1.3 сая хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн хүслийг биелүүлж байжээ. Тэгвэл энэ жил таван тивийн 50 гаруй орны 63 хотод зочлох бөгөөд Монгол Улсад анх удаа саатаад байна.

“Алтан цом”-ын суурин дээр “FIFA World Cup” хэмээн алтан үсгээр бичсэн байдаг. Цомын доод хэсэгт 1974 оноос хойш ДАШТ-д түрүүлсэн улсын нэрийг сийлсэн бөгөөд хамгийн сүүлд 2014 онд түрүүлсэн Герман Улсын нэр бичээстэй байгаа.

Аваргуудын нэрийг бичих зай дууссаны дараа энэ цомыг ашиглах эсэх тодорхойгүй байгаа аж. Харин 2038 оны ДАШТ хүртэлх аваргуудын нэрийг бичих талбай байгаа юм байна.

6,1 кг жинтэй, 36,8 см өндөртэй, 18 каратын таван кг алт орсон энэхүү цомд ДАШТ-д түрүүлсэн хөлбөмбөгчин, эсвэл тухайн улсын ерөнхийлөгч л гар хүрэх эрхтэй байдаг.

МХБХ-ны ногоон талбайд болох арга хэмжээний ХӨТӨЛБӨР:

10:00 Оддын хөлбөмбөг
11:00 ДАШТ-ий цом талбайд ирэх (МУ-ын _рөнхийлөгч Х.Баттулга үг хэлнэ)
12:30 МХБХ-ны супер цомын тоглолт (Эрчим - Улаанбаатар Сити)