Азийн социал демократ намуудын сүлжээ “SocDem Asia” байгууллагаас “ХБНГУ-ын сонгуулийн дүн шинжилгээ ба Ази дахь эргэцүүлэл” сэдвээр олон улсын цахим хурлыг зохион байгууллаа.
Тус хуралд ХБНГУ-ын Социал демократ нам болон Азийн социал демократ намуудын төлөөлөл оролцож, ХБНГУ-ын Бундестагийн сонгуулийн үр дүн, цар тахлын нөхцөлд явагдаж буй бусад сонгууль, дэлхий дахины социал демократ намуудын өнөөгийн байдлын талаар байр сууриа солилцов.
Хуралд МАН-ыг төлөөлж УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг оролцож ХБНГУ-ын сонгуульд Социал демократ нам ялахад нөлөөлсөн хүчин зүйл болон цар тахлын нөхцөл дэх парламентын сонгуулийн үйл ажиллагааны онцлогийг УИХ-ын 2020 оны сонгуулийн жишээн дээр ярилаа.
Сүүлийн жилүүдэд сонгуулийн ирц буурах, тэр дундаа залуу сонгогчдын санал өгөлт буурч байгаа нь дэлхийн олон орон, тэр дундаа ХБНГУ-ын сонгуульд тод харагдсаныг Германы Фридрих Эбертийн сангийн Ази Номхон далайн бүсийн тэргүүн Марк Заксер онцлов.
Мөн Ковид 19 цар тахлын улмаас дэлхий даяар тэгш бус байдал гүнзгийрч байгаа тул улс орнуудын засгийн газраас эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар дахь төрийн оролцоо, төсвийн зардлыг нэмэгдүүлэх, цар тахалд хамгийн хүндээр нэрвэгдэж буй нийгмийн бүлгүүдэд үзүүлэх төрийн дэмжлэгийг нэмэх нь чухал байгаатай оролцогч намууд санал нэгдэв. Мөн уур амьсгалын өөрчлөлт, бүс нутаг дахь хүний эрхийн асуудлуудаар улсуудын төлөөлөгчид байр сууриа илэрхийллээ.