Улсын Их хурлын Хүний эрхийн дэд хороо хуралдаж, жагсаал цуглаан хийх эрхийн талаар хэлэлцсэн.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг юун түрүүнд Тайван жагсаал цуглаан хийх эрх нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай ОУ-ын пакт болон МУ-ын Үндсэн хуулиар баталгаажсан боловч цар тахлын улмаас сүүлийн хоёр жилийн хугацаанд иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх хязгаарлагдаж байгааг сануулав. Үүнийхээ дараа Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир нараас иргэн Э.Одбаярыг цагдан хорих тухай ямар үндэслэл байгааг тодруулж асуусан юм.
Тэрбээр “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-д заасан 4 үндэслэлээр яллагдагчийг цагдан хорих шийдвэрийг гаргана гэсэн байдаг.
Энэ дөрвөн үндэслэл нь:
1.1.эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, оргон зайлсан;
1.2.шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;
1.3.гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;
1.4.урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэсэн үндэслэлүүд юм. Харин иргэн Э.Одбаярыг эдгээр үндэслэлийн яг алинаар нь цагдан хорьсныг олон нийтэд тайлбарлах шаардлагатай” гэсэн юм.
Гэвч Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат “Хуулиар хориотой тул эрүүгийн хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн хариулахаас татгалзсан. Энэ нь олон нийтийн мэдэх эрхэд халдаж байгаа хэрэг юм.
Үүний дараа УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Сая Ц.Мөнхцэцэг гишүүн асуухад нууц гэдэг шалтгаанаар огт хариу өгөхгүй байна. Ц.Мөнхцэцэг гишүүн иргэн Э.Одбаярын ямар гэмт хэрэгт шалгагдаж байгаа болон хэргийн нөхцөл байдлын дотор орж асуугаагүй. Хууль заасан хүрээ хязгаараас халиагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ямар үндэслэлээр цагдан хорьсон бэ гэж асуусан. Энэ бол нууц байх ёсгүй зүйл. УИХ-аас буюу ард түмний төлөөллийн байгууллагаас асууж байхад хуулиас давсан хариулт хэлээд сууж байгаа албан тушаалтнууд цаашдаа хүний эрхэд хэрхэн халдахыг төсөөлж чадахгүй байна” хэмээн шүүмжлэв.