Улсын Их хурлын Хүний эрхийн дэд хороо хуралдаж, жагсаал цуглаан хийх эрхийн талаар хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулт, хариулт авлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ "Аливаа жагсаал цуглааныг сурвалжилж буй сэтгүүлчдийн биед халдах асуудал гарч байна.
Ажил үүргээ гүйцэтгэж яваа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг зарим обьект руу нэвтрүүлэхгүй байх, мэргэжлийн эрхийг нь хууль бусаар хязгаарлан улмаар биед нь халдан хүч хэрэглэсэн явдал гарч байна.
Энэ бол сэтгүүлчдийн эрхээс гадна олон нийтийн мэдэх эрхэд халдаж буй үйл явц. Учир нь хэвлэлийнхэн цар тахлын болон бусад гамшиг, осол болон бусад үед ч нийтийн мэдэх эрхийг хангахын тулд ажилласаар байдаг. Харин нөгөө талд тангараг өргөсөн, үүрэг хүлээсэн цагдаа нартай байнга шахам учирч хэн, хэн нь үүргээ биелүүлж буй тул харилцан ойлголцож ажиллаж байгаа .
Гэхдээ сэтгүүлчдийн биед халдах асуудал нь Эрүүгийн хуулийн 14.3 дугаар зүйл.Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах буюу Өөрийн, эсхүл бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, тараалгахгүй байхын тулд хэвлэн нийтлэгчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэг" гэдгийг онцлоод үүн дээр цагдаагийн байгууллага ямар байр суурьтай байгааг тодрууллаа.
Үүний хариуд ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир "Сэтгүүлчидтэй холбоотой асуудал хэд хэдэн удаа гарч, ХЭҮК-оос бидэнд албан бичиг хүргүүлсэн. Мөн ЦЕГ дотоод хяналт шалгалтыг хийсэн. Тийм учраас дээрх асуудлуудыг нэгтгээд танд албан бичгээр хүргүүлье" хэмээн мэдэгдлээ.