Кубын парламентын чуулган өнөөдөр үргэлжилнэ

Кубын нийслэл Хавана хотноо өчигдөр олон улсын анхаарлыг татаж байгаа парламентын хуралдаан эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх хуралдаанаар  Кубын удирдагч  Рауль Кастро  албан  тушаалаасаа огцорч байгаагаа  зарлахаар  төлөвлөж  байгаа учир ийнхүү олны анхаарлын  төвд  байгаа юм.

Рауль Кастро Кубын удирдагчийн албан тушаалаасаа огцорсноор 60 гаруй жилийн туршид улс орныг удирдсан Кастрогийнхний эрин үе  дуусч байна гэж мэргэжилтнүүд тэмдэглэж байна. Өдгөө  86 настай Рауль Кастро нь ах Фидель Кастрогийнхоо хамтаар 1959 оны  Кубын  хувьсгалыг удирдан  тэргүүлж, АНУ-ын талыг баримтлагч дэглэмийг түлхэн унагаж, социалист улс  байгуулалцсан юм.

Ах дүү Кастрог Кубын  боловсрол, эрүүл мэндийн салбарт тэгш боломжийг бүрдүүлж өгсөнд үнэлдэг. Гэвч сөрөг хүчнийхнээ нухчин дарж улмаар АНУ-ыг Кубын эсрэг хагас зуунаас ч удаан хугацаанд үргэлжилсэн эдийн  засгийн хориг арга хэмжээ авахад хүргэсэн. Мөн олон улсын хамтын  нийгэмлэгийн улс  орнуудаас  тусгаарлагдсан улс болсон юм.