Хүүхэд залуучуудын оролцоотойгоор “Бичил ойн загвар” хөтөлбөр хэрэгжинэ

Энэ жил дэлхий нийтээрээ Дэлхийн ойн өдрийг “Ой ба тогтвортой хотууд” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ өдөр БОАЖЯ, Монгол орны UN-REDD үндэсний хөтөлбөр, МУИС, Багшийн мэргэжил дээшлүүлэх инстутит, Байгаль орчны мэдээлэл сургалтын төв, Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран “Тогтвортой хот суурин ба ой-Хүүхэд залуучуудын оролцоо” зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Хоёр өдөр үргэлжлэх уг арга хэмжээнд 21 аймаг, нийслэл, дүүргийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Боловсролын соёлын газар, МУИС-ийн эрдэмтэд, оюутнууд болон ЕБС-ийн багш сурагчдын төлөөлөл бүхий 200 орчим хүн оролцож байна.

Эхний өдөр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын авъяас чадварыг нээж, тэднийг байгаль хамгаалахад оруулах хувь нэмрийг дэмжих, өөрийн оронд төдийгүй олон улсад таниулах зорилгоор “Тогтвортой хот суурин ба ой-Хүүхэд залуучуудын оролцоо” сэдвийн хүрээнд гэрэл зургийн болон нийтлэлийн 3 үе шаттай уралдааныг орон даяар зарлаж байгаа бөгөөд уралдаанд шалгарсан гэрэл зураг болон нийтлэлийн бүтээлийг ОУ-ын “Байгаль орчны залуу сурвалжлагч” уралдаанд явуулах ажээ.

Мөн  Чингэлтэй дүүргийн 17-р сургууль, БЗД-ийн Амгалан цогцолбор сургууль, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р сургуулиудад “Бичил ойн загвар – Tiny forest” хөтөлбөрийг эхлүүлэхээр боллоо.

Түүнчлэн арга хэмжээний 2 дахь өдөр 21 аймаг, нийслэл, дүүргийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Боловсролын соёлын газрын төлөөллүүдэд ахисан төвшиний “UN-REDD ACADEMУ” сургалтын МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн эрдэмтэд зохион байгуулна.

Цаашид ОУ-ын экосургууль хөтөлбөр хэрэгжиж байгаа сургуулиудын 1000 орчим багш, сурагчдад “REDD+Хүүхэд, залуучуудын Академи” сургалт зохион байгуулагдах ажээ.

REDD+ гэж юу вэ?

Ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах (REDD+), ойн санг хамгаалах, ойн тогтвортой менежмент болон ойн нүүрстөрөгчийн хуримтлалыг  нэмэгдүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хөгжиж буй орнуудын оруулах хувь нэмрийг нь урамшуулах зорилгоор Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь Конвенцийн хүрээнд бий болсон механизм юм. Энэ механизмыг хэрэгжүүлэхэд хөгжиж буй орнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор НҮБ-ын гурван агентлагаас санаачлан UN-REDD хөтөлбөрийг 2008 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Монгол улс 2011 онд UN-REDD хөтөлбөрийн түнш орон болсон.