“Дэлхийн усны өдөр”-ийг тохиолдуулан цуврал арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. 1993 онд ЮНЕСКО-гийн чуулганаас жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхагласнаас хойш дэлхий даяар жил бүрийн энэ өдрийг тусгайлсан уриан дор тэмдэглэж ирсэн түүхтэй. НҮБ-аас 2018 оны Дэлхийн усны өдрийг “Байгальд ээлтэй ус ашиглалт” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр зарласан. БОАЖЯ-наас Дэлхийн усны өдрийг угтан усны ухаалаг, зүй зохистой хэрэглээ, хэмнэлттэй ашиглах техник, технологийг нэвтрүүлэх, усны нөөцийг нэмэгдүүлэхийн ач холбогдлын талаар бүх шатанд сурталчлан таниулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар цуврал арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгууллаа. Тухайлбал, “Зуун дамнасан 80 жил” гэрэл зургийн үзэсгэлэн нээж, “Ус-хөгжил” хүүхэд, залуучуудын анхдугаар чуулганыг хуралдуулсан бөгөөд хурлаар хүүхэд, залуучууд усны салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, энэ талаар өөрсдийн зөвлөмжийг хүргүүлсэн юм.
Мөн “Монгол Улсын усны бодлого” зөвлөлдөх уулзалт, “Монгол Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийг хэрэгжүүлэхэд талуудын оролцоо” хэлэлцүүлгийг зохион байгуулж, ЕБС-иудад “Ус ба байгаль” сэдэвт хичээлийг зааж, усны үнэ цэнийн талаар хүүхэд багачуудад сурталчиллаа. Мөн өнөөдөр буюу Дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөний хүрээнд Монгол Улсын усны бодлого, усны нөөцийн нэгдсэн менежментийн тухай салбарын эрдэмтдийн зөвлөмжийг сонсож, хот, суурин газрын ус, хангамж, ариутгах татуургын бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай болон усны нөөцийн тогтвортой менежментэд тулгуурласан ус ашиглалтын талаар, усны салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд тулгамдаж буй асуудал, усны үйлчилгээний үнэ тариф, усны бохирдлыг бууруулах судалгааны ажлын үр дүнгийн талаар болон хүүхэд, залуучуудын оролцоо зэрэг сэдвээр эрдэмтэд болон салбарын төлөөллүүдийн хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа. Дэлхийн усны өдрийн гол зорилго болох усны үнэ цэнийг олон нийтэд ойлгуулах, усны зөв зохистой хэрэглээг сурталчлан таниулах ажлын хүрээнд Байгаль орчны чиглэлээр нийтлэл бичдэг сэтгүүлчдийн дунд “Ухаалаг хэрэглэж, усаа хэмнэе” сэдэвт нийтлэлийн уралдаан, фото зургийн уралдаан, сурагчдын дунд “Байгаль орчин ба усны үнэ цэнэ, экологийн тэнцвэрт байдал түүнийг хамгаалах нь” сэдвээр гар зураг, эссе бичлэгийн уралдаан болон олимпиадыг зохион байгуулж байна.
Уралдааны удирдамж:
Ухаалаг хэрэглэж усаа хэмнэе шилдэг нийтлэл уралдаан-Удирдамж