Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны III дугаар хуралдаан Төрийн ордонд болов. Засгийн газар хоорондын хамтарсан хорооны III дугаар хуралдааныг Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга Н.Цэрэнбат, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд, хамтарсан хорооны Солонгосын хэсгийн даргаЧо Хьюн нар тэргүүлж, хуралдаанд яамд, газруудаас нийт 40 гаруй төлөөлөгч оролцлоо. Дээд, өндөр түвшинд ярьж тохирсон асуудлууд, түүний дотор Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн энэ оны 1 дүгээр сард БНСУ-д хийсэн айлчлалын үеэр хоёр талдаа тохиролцсон ажлуудыг урагшуулахад энэ удаагийн хуралдаан үр дүнтэй болов.
Хуралдаанаар хоёр улсын “Иж бүрэн түншлэлийн харилцаа”–г шат ахиулан өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, зээл, тусламжийн төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх, тухайлбал, БНСУ-ын Засгийн газрын 500 сая ам.долларын зээлээр хэрэгжүүлэх Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах төслүүдийг тодорхойлох ажлын явц зэргийг хэлэлцэхийн зэрэгцээ иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөхтэй холбоотой асуудлаар санал солилцов. Түүнчлэн нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, байгаль орчин, аялал жуулчлал, соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хэрэгжилтийг хангахад чиглэгдсэн цаашид авах арга хэмжээнүүдийн талаар ярилцав.