“Байгаль орчны стратегийн үнэлгээ” сэдэвт семинар боллоо

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Канадын Гадаад хэргийн яамны санхүүжилт бүхий “Монгол улсад олборлох салбарын менежментийг бэхжүүлэх нь” (СЕСМИМ) төсөлтэй хамтран “Байгаль орчны стратегийн үнэлгээ” сэдэвт семинарыг зохион байгууллаа. Семинарыг нээж БОАЖЯ–ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл хэлсэн үгэндээ Байгаль орчны стратегийн үнэлгээ нь харьцангуй шинэ боловч түүнийг нутагшуулан хэрэгжүүлэх талаар багагүй ажлыг БОАЖЯ–аас санаачлан хэрэгжүүлж байгааг дурьдсан.

Мөн энэхүү семинарыг Яам, агентлагын шийдвэр гаргах түвшинд зохион байгуулж буйг онцлон хэлж цаашид улсын болон бүс нутаг, салбарын хэмжээнд баримтлах бодлого, хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулахдаа байгаль орчны стратегийн үнэлгээ хийлгэх, түүний зардлыг тухайн асуудлыг хариуцсан яам төлөвлөгөөндөө тусган ажиллахыг тэмдэглэн хэллээ. Тус семинарын хүрээнд Байгаль орчны стратегийн үнэлгээний хууль эрх зүйн орчин, түүний хэрэгжилтийн талаар шийдвэр гаргагчдыг мэдээллээр хангаж, байгаль орчны стратегийн үнэлгээний ач холбогдлын талаарх Олон улсын болон Монгол Улсын туршлагыг танилцуулж салбар дундын уялдаа холбоог сайжруулах, байгаль орчны стратегийн үнэлгээг хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцож нэгдсэн ойлголтод хүрлээ.