Хяналт шалгалтын смарт/smart (spatial monitoring and reporting tool)-ийн анхан шатны сургалт боллоо

Монгол орны тусгай хамгаалалттай газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, идэвхтэн байгаль хамгаалагч нар өөрийн хариуцан хамгаалж буй газар нутагтаа эргүүл хяналт шалгалт хийж явахдаа GPS, газрын зураг ашиглан ажиглалтын дэвтэр, эргүүл хяналтын хуудас зэргийг хөтөлж байгаль орчны зөрчил болон амьтан, ургамал, орчны тухай мэдээллүүдийг бичиж тэмдэглэдэг билээ. Эдгээр цуглуулсан мэдээллийг нэгтгэн хуулийн хэрэгжилт, хяналт шалгалтын менежмент (LEM)-д шаардлагатай мэдээллийн санг үүсгэн, цуглуулсан зөрчлийн мэдээг нэгтгэж, гарсан дүгнэлтэд дүн шинжилгээ хийж шийдвэр гаргагчдад хүргүүлж, хамгаалалтын захиргаанаас цаашид авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг төлөвлөж, түүнчлэн Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас баримталж буй эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг оновчтой  болгох замаар ТХГН-ийн тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, зөрчлийг бууруулах боломжийг бүрдүүлж байна. Энэ хэрэгцээ шаардлаганд тулгуурлан СМАРТ систем боловсруулагдан гарч, одоогийн байдлаар дэлхийн 30 гаруй орны 210 орчим ТХГ-т СМАРТ (SMART/Хяналт шалгалтыг тодорхой орон зайд хийж дүгнэх, тайлагнах арга) аргачлалыг хэрэглэж байна.

СМАРТ гэж юу вэ?

Хяналт шалгалтыг тодорхой орон зайд хийх, тайлагнах арга буюу СМАРТ /Spatial Monitoring and Reporting Tool (SMART)/ нь тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг чадавхижуулах болон шилдэг туршлагыг хослуулан хэрэглэсэн арга барил юм. СМАРТ арга нь хууль бус үйл ажиллагаа, зөрчил, зэрлэг амьтад, эргүүл хяналт үйл ажиллагаа зэрэг мэдээллүүдийг цуглуулах, хадгалах, дүн шинжилгээ хийх, боловсруулахаас гадна менежментийн зарим нэг үйл ажиллагаа болох байгаль хамгаалагчдийн идэвхи зүтгэл, хүн хүч зэргийг үнэлэх боломжтой. Зөрчлийн мэдээлэл цуглуулахдаа гар утас эсвэл смарт төхөөрөмж, аппликейшнийг ашиглан тухайн хэрэглэгч, орон нутгийн онцлогт тохируулсан интерфейс бүхий програмыг ашиглах боломжтой.

Байгаль орчин, аялал жуулчлалы сайдын А/129 тушаалаар байгуулагдсан “ТХГ-т хуулийн хэрэгжилт, хянан шалгалт, хамгаалалтын захиргаа менежментийг сайжруулахад СМАРТ аргачлалыг ашиглах хэрэгжүүлэх” зорилгоор байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд, зарим ТХГ-ын мэргэжилтэнгүүдийг хамруулсан СМАРТ системийн анхан шатны сургалтыг 2018 оны 3-р сарын 28-29-нд Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS) –ийн Монгол дахь төлөөлөгчийн газарт зохион байгууллаа. Ирэх 5-р сард мөн ажлын хэсгийн гишүүд болон говийн бүсийн ТХГ-уудын ХЗ-уудын мэргэжилтэнгүүдийг хамруулсан сургагч багшийн сургалтыг Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгуулах болно.