БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Лангтриг хүлээн авч уулзан, санал солилцлоо. Уулзалтын эхэнд Н.Цэрэнбат сайд жишиг уул уурхайн загвар болсон Австрали улстай нягт хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд Элчин сайд Жон Лангтриг дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа уламжилсан юм. Тэрбээр “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд Австрали улсын туршлага Монгол Улсад хэрэгтэй. Уул уурхайн хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж сүйдсэн талбайн тооллогыг манай яамны зүгээс хийж дуусч байгаа. Сүйдсэн газар нутгийг нөхөн сэргээх технологийг Австрали улс амжилттай нутагшуулсан туршлагаасаа бидэнтэй хуваалцана гэдэгт итгэлтэй байна. Үүний тулд бид УУХҮЯ-тай нягт хамтран ажиллах болно. Мөн аялал жуулчлалын салбарт ч Австрали улсын туршлагыг судалж, үндэсний паркуудаа хөгжүүлсэн, тусгай хамгаалалттай газруудаа хамгаалах жишгийг нэвтрүүлэх хүсэлтэй байна. Үүнээс гадна хот суурин газруудад ногоон байгууламжийг олон улсын стандартад нийцүүлэн байгуулсан танай орны туршлага ч бидэнд хэрэгтэй. Монгол Улсын Засгийн газрын гишүүний хувьд бүрэн эрхийнхээ хүрээнд Австарли улстай хамтарч ажиллах бүхий л бололцоог нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллана” хэмээсэн юм.
Харин Элчин сайд Жон Лангтри Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахад ямагт бэлэн байгаагаа илэрхийлээд хариуцлагатай уул уурхай, аялал жуулчлалыг хөгжүүлэх болон үндэсний паркийн жишгийг нэвтрүүлэхэд БОАЖЯ онцгой чухал үүрэгтэйг тэмдэглэлээ.
Эх сурвалж: БОАЖЯ