Замын цагдаагийн газрын орчимд барих гүүрэн гарцын ажил эхэлсэнтэй холбогдуулан замын хөдөлгөөнд орж буй өөрчлөлтүүд болон дугаарын хязгаарлалтыг долоо хоногт 2 удаа хийх эсэх талаар иргэдээс авсан санал асуулгын дүнг үндэслэн гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Нийслэлийн автозамын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр: "Иргэд дугаарын хязгаарлалтыг дэмжээгүй тул хуучин хэвээрээ мөрдөгдөнө. Харин түр замуудаараа зохицуулалт хийнэ. Хөдөлгөөн хэвийн болно гэж үзэж байгаа. Нарны зам дээр 3-4 газар буцаж эргэх гарцыг нээж хөдөлгөөнийг эрчимжүүлж байна.
Төмөр замын аюулгүй байдлыг хангах зорилгоор Махатма Гандигийн гудамжнаас Нарны зам руу холбогдох зам дээр төмөр замын гарам байгаа. Пүрэв гарагийн орой 22:00 цагаас Даваа гарагийн өглөөний 07:00 цаг хүртэл энэ хэсгийг хаахаар төлөвлөсөн байгаа. Энэ хугацаанд хуучин замын цагдаагийн гүүрэн гарцан дээр байгаа төмөр замынхаа автомат тоноглолуудыг шилжүүлж суурилуулах ажил хийгдэнэ. Тоноглол хийгдэж дуустал хоёр цагдаагийн алба хаагч болон дохиочид байнгын ажиллана.
Мөн хүнд даацын автомашинуудын явах маршрутыг өөрчлөх, бөөний төв, захуудын цагийн хуваарийг өөрчлөх зэрэг зохион байгуулалтууд хийнэ. Захуудын цагийн хуваарийн тухайд одоогоор олон төрлийн саналууд гарч байгаа, үүнийг Засаг даргын зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ" гэлээ.