Монголын уул уурхайн корпорацийн “Энержи Ресурс” ХХК Тавантолгойн ордын Ухаа худаг, Баруун нарангийн уурхайд олборлолт хийж байгаа. Үйлдвэрлэлийн нийт нөөц 509 сая тонн, борлуулах нөөц нь 286 тонн нүүрс бөгөөд Өмнөговь аймаг дахь нүүрс баяжуулах цорын ганц үйлдвэрийг 2011 онд нээж, үе шаттай өргөтгөсөөр жилд нийт 15 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай болсон. Өнөөдрийг хүртэл нийт 40 орчим сая тонн нүүрс баяжуулсан бөгөөд үйлдвэр ашиглалтад орсноос хойш зөвхөн баяжуулсан нүүрс экспортод гаргаж байгаа. Мөн Ухаа худаг цогцолборын хүрээнд 18 мвт-ын хүчин чадал бүхий цахилгаан станц барьж, ашиглалтад оруулсан тус компани дэд бүтцээ хангалттай хэмжээнд шийдвэрлэж чадсан ганц компани юм.

ӨМӨЗО-ны Бугат зэрэг хотыг хамруулсан “А” бүсэд тус компанийн боловсруулсан нүүрс хамгийн өрсөлдөх чадвартайд тооцогддог ба энэ бүсийн зах зээлд зөвхөн Монголын компаниуд өрсөлддөг гэдгийг “Энержи Ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл хэлж байв. “Зах зээлийн үнэ сайн үед тээвэрлэлтээ даагаад хүрч очиж, Австралийн нүүрстэй өрсөлдөх чадвартай. Хятад Улс төмөр, гангийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байгаа нь Монголын компаниудад томоохон боломж авч ирж байгаа” хэмээж байв.

Гэхдээ экспортын зөвхөн ганц гарцтай байх нь зөв эсэхийг бодолцох хэрэгтэй гээд боомтын эргэлт удааширснаар нийлүүлэлтийн өртөг нэмэгдэж, 60 орчим ам.доллараар худалдаалж байгааг хэлэв. 2017 онд борлуулалтын орлогыг өмнөх оноос 4 дахин нэмэгдүүлж, 476 сая ам.долларын борлуулалт хийсэн, үйл ажиллагааны ашиг 124 сая ам.долларт хүрсэн, 4.4 сая тонн баяжуулсан нүүрс экспортолсон, үйлдвэрийнхээ хүчин чадлын 50 хувийг л ашигладаг гэсэн статистик мэдээллүүдийг Г.Батцэнгэл захирал өгч байв. Хэрэв Гашуунсухайт боомтын гацалт арилж, татан авалт сайжирвал үйл ажиллагаагаа 2 дахин өсгөх бололцоотой, хилийн цаана ч худалдан авагчид бэлэн байгаа гэлээ.