Шадар сайд Ө.Энхтүвшин санаачлан “Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлэг, үржлийн газар, Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газар, “Мерси кор” олон улсын байгууллага, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зохион байгууллаа. Зөвлөлдөх уулзалтад Шадар сайдын Ажлын алба, ХХААХҮЯ, ОБЕГ, УОК, МЭҮГ, МХЕГ, Сангийн яам, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Мал эмнэлгийн сургууль, мал эмнэлгийн холбоод болон төсөл, хөтөлбөрийн байгууллагууд, аймгуудын Мал эмнэлгийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, малчдын төлөөлөл оролцов.
Энэхүү уулзалтын төгсгөлд тал бүрийн байр суурь, санал дүгнэлтийг нэгтгэн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга замын тухай Зөвлөмж гаргахаар болсон бөгөөд ХХААХҮЯ-ны Мал эмнэлэг, үржлийн газар боловсруулж, салбарын мэргэжилтнүүд болон малчдад тун удахгүй хүргэхээр ажиллаж байна.
УИХ-ын баталсан Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль 2018 оны зургадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд “Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт зөвлөлдөх уулзалт уг хуулийг анх удаа хэрэгжүүлж эхлэхийн өмнө зохион байгуулагдсанаараа онцлогтой байв.
Сүүлийн хоёр жилд ОХУ-ын Бүх холбоотын малын эрүүл мэндийн хүрээлэнгээс шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг тусламжаар болон арилжааны хэлбэрээр авч эрсдэл бүхий аймаг, сумдын мэдрэмтгий малыг хамруулан урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэ онд нийт 7.2 сая тун вакцин худалдан авахаас хоёрдугаар сарын 25-нд эхний 500 мянган тун вакцин ирж эрсдэлтэй, хамгаалалтын бүсийн 700 мянга орчим малыг вакцинжуулаад байна.