Горьдох буюу хөхний зангирааг эмчлэх арга

Хэдхэн хоногийн өмнө нялх биетэй найз маань утас цохиж байна...

- Байна уу. Найз нь АТМ-с горьдчихлоо 

- Юу?

- Харин картанд 150 мянга байна гэж хараад нөхөр мөнгө шилжүүлчихэж гэж бодоод авах гэсэн үлдэгдэл хүрэхгүй байна гэв. Тэгэхээр нь үлдэгдэл мөнгөнийхөө оронд хуруугаараа тоолсон чинь 15 мянга байсан юм байна. Одоо хөх хавдаад... ямар АТМ-ээр горьдоогоо гаргалтай биш яах уу? 

гэсэн шинэхэн амаржсан ээжийн яриаг нэгэн групп дээрээс олж уншлаа. Нээрээ л горьдох гэдэг хэцүү бололтой. Зарим ээжүүд гар утасны мессэжнээс, тэр бүү хэл фэйсбүүкээс хүртэл горьдсон тухайгаа бичсэн байв. Бидний амьдралын хэв маяг өөрчлөгдөж, техник технологи хөгжихийн хэрээр санаанд оромгүй зүйлсээс болж горьддог бололтой.

Тиймээс энэ удаад хөхний зангирааг эмчлэх аргын тухай хүргэж байна.

Монголчууд хөхүүл эх орсон гарсан хүний хоосон гарнаас юм харснаасаа болоод “горьдож” хөх хавдаж, цаашлаад зангирдаг гэлцдэг. Энэ тохиолдолд горьдсон зүйлийг нь өгч, горьдоог гаргадаг гэдэг ч энэ нь шинжлэх ухаанаар батлагдаагүй зүйл юм.

Шинжлэх ухаанчаар тайлбарлавал, хөхөнд сүү орсон хойно саахгүй, хөхүүлэхгүй удсанаас сүүний хялгасан судсууд бөглөрч хөх хавддаг. Бөглөөг нь гаргахгүй удвал хөхний зангилаа ч үүсч болдог. Хөхний зангилаа нь ариун цэврийг сайн сахиагүйгээс, нянгийн халдвар орсноос ч үүсч болно. Хөх зангирсан үед:

Халуун бигнүүр тавьж гаднаас нь массаж хийх

Сүүлэн тосоор массаж хийж саалтуур эсвэл гараар сааж сүүг гаргах. Цэвэрхэн гараар саахгүй бол гарын бохир, хор ороод дахин хавдах, зангирах аюултай. Хөхөө бүрэн сулартал нь саасны дараа мөсөөр хүйтэн жин тавина.

  • Шар будаа нялцайтал чанаж бигнүүр тавиад хонох
  • Байцааны хальс тавих
  • Хэт их үрэвсэж бугласан үед антибиотек уух зэрэг аргаар эмчилнэ

Хүүхдээ хөхүүлэхдээ хавдаж зангирсан хэсэг рүү нь хүүхдийн эрүү чиглэж байхаар хөхүүлбэл зангирсан хэсгийн сүү хурдан гадагшилдаг. 

Хэрэв бүсгүй та уламжлалт ухаанд илүү итгэдэг бол хөх хавдсан үед горьдоог гаргах домын шинжтэй аргуудыг хэрэглээд үзээрэй. Тухайлбал,

  • Ихэр хүүхдийн оймсоор хөхний хавьдсан хэсгийг шүргүүлж “эм дом эм дом” гэж хэлнэ
  • Өөрийнхөө хэрэглэдэг үсний самыг цэвэрлээд, хөхөө толгой руу нь чиглүүлэн хөнгөн самнах маягаар “эм дом эм дом” гэж хэлнэ. Ингэхдээ хөхний толгой буюу нөсөө хэсэгт хүргэхгүй.