УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг парламентын гишүүдээ төлөөлөн олон улсын судалгааны бүтээлд нийтлэл бичжээ

Ази, Номхон далайн бүс нутгийн улсуудын “Ковид 19 цар тахлын нөхцөл байдал, цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй бодлого, сорилт”-ын тухай парламентын гишүүдийн оролцсон судалгааны бүтээл хэвлэгдлээ.

Тухайлбал, Австрали, Япон, Монгол, Энэтхэг, Индонези, Шинэ Зеланд, Филиппин, Тайваний парламентын гишүүд “Ковид 19” цар тахал эхэлсэн цаг үеэс хойш 2021 оны тавдугаар сар хүртэлх өөрийн улсын улс төр, эдийн засаг, эрүүл мэндийн салбарт учирч буй асуудал, цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй бодлого, эрх зүйн зохицуулалт, вакцинжуулалт, эдийн засгийн хямрал зэрэг асуудлыг судалгааны тоо баримтуудад түшиглэн бичжээ.

Харин Монгол Улсын хувьд Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг уг судалгаанд “Парламент ба Цар тахал: Монгол дахь улс төр, эдийн засаг, эрүүл мэндийн сорилтууд” гэсэн сэдвээр өгүүлэл бичсэн байна.

Энэ талаараа тэрбээр “Монгол Улсын хувьд цар тахлын эхний жил буюу 2020 онд парламентын сонгуулиа хэрхэн зохион явуулсан, хатуу хөл хорионуудын улмаас эдийн засаг болон боловсролын салбарт ямар асуудлууд тулгамдаж байгаа, УИХ-аас цар тахлын үед гаргасан гол хууль тогтоомжууд, тэдгээрийн хэрэгжилт, Засгийн газраас гаргасан эдийн засгаа сэргээх хөтөлбөрүүд, цар тахлын эсрэг төр, засгаас хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг олон нийтийн зүгээс хэрхэн үнэлж дүгнэж байгаа вэ зэрэг асуудлыг судалгаандаа авч үзсэн” хэмээн онцлов.