Алба хаагчдыг мэргэшүүлэх давтан сургалтууд цахимаар зохион байгуулагдаж байна

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүний нөөцийн институт, Хувь хүний хөгжлийн институттэй хамтран удирдах ажилтны манлайллыг дээшлүүлэх, чадавхжуулах зорилгоор “Удирдах албан тушаалтнуудыг мэргэшүүлэх, давтан сургалтын хөтөлбөр”-ийг боловсруулав.

Хөтөлбөрийн хүрээнд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын Нийтийн хэв журам хамгаалах нэгжийн дарга нарт зориулсан сургалтыг танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа юм.

Сургалтад нийт 52 удирдах албан тушаалтан хамрагдаж байгаа бөгөөд “Удирдах ажилтны манлайлал, ёс зүй, нэр хүнд”, “Багаар ажиллах ажиллагаа, хүнийг идэвхжүүлэх аргууд”, “Төлөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх арга зүй”, “Цагийн менежмент, хувийн зохион байгуулалт” зэрэг сэдвийн хүрээнд сургалт үргэлжилнэ. 

Мөн энэ онд “Цагдаа”, “Цагдаа-жолооч” мэргэжил олгох сургалтад хамрагдаж, ажлын байранд томилогдсон шинэ, залуу алба хаагчдыг богино хугацаанд сургаж, дадлагажуулах, мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэх зорилгоор танхимын болон дадлагын сургалтыг энэ сарын 20-ны өдрөөс эхлэн зохион байгуулав.

Дээрх сургалтаар албан үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай хууль эрх зүйн болон цэргийн хэргийн мэдлэг, биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх, холбоо, мэдээллийн хэрэгслээр харилцах арга, тактик зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг олгох юм. Сургалт долоо хоногийн турш үргэлжлэх бөгөөд шинээр томилогдсон 33 алба хаагч хамрагдаж байна.

Нийтэлсэн: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв