Томуугийн вакцинд хүүхдүүдийн 55 хувь нь хамрагдаад байна

“Томуугаас сэргийлье” уриатай дархлаажуулалтын аян есдүгээр сарын 13-наас нийслэлийн хэмжээнд эхэлсэн. Аян 10 хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд вакцинд 2-11 насны хүүхдүүд болон жирэмсэн эхчүүд хамрагдаж байгаа. Дархлаажуулалтын явцын талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн У.Наранцэцэг мэдээлэл өглөө.

Тэрээр "Одоогийн байдлаар хүүхдүүдийн 55 хувь, жирэмсэн эхчүүдийн 53 хувь нь вакцинд хамрагдаад байна. Насны бүлгээр нь авч үзвэл, 6-11 насны хүүхдүүд хамгийн идэвхтэй хамрагдаж байна. Зургаагаас доош насны, цэцэрлэгт явдаггүй, гэрийн асаргаанд байдаг хүүхдүүд харьяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө очиж, дархлаажуулалтад хамрагдах бүрэн боломжтой. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд явуулын баг очиж, хүүхдүүдэд вакцин тарьж байна. Хүүхдүүд цахим болон танхимаар хичээллэж буй тул тэрхүү цагийн хуваарьт тохируулан ажиллаж байна. Тус явуулын багт Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд ажиллаж буй бөгөөд тухайн сургууль, цэцэрлэгийн нийгмийн ажилтан, сургалтын менежерүүд хүүхдүүдийн бүртгэлд тусалж байгаа. Дархлаажуулалтын аян есдүгээр сарын 22-ныг дуустал үргэлжилнэ.
Вакцин тариулснаар томуу, томуу төст өвчин огт тусахгүй гэсэн ташаа ойлголт нийтийн дунд байдаг. Тэгж ойлгож болохгүй. Гагцхүү томуугийн хүндрэлээс сэргийлэх ач холбогдолтой. Вакцин тариулсны дараах гурав хоногт хүүхдэд томуугийн хөнгөн хэлбэрийн шинж тэмдэг илэрч болно. Нус гоожих, найтаах гэх мэт. Энэ мэт шинж тэмдгүүд дархлаажуулалтын хариу урвалаар илэрсэн ч 2-3 хоногтоо арилна. Иймд вакцин тариулсан газраа оролдохгүй, маажихгүй байх ёстой. Мөн дулаан хувцаслаж, дааруулахгүй байх шаардлагатай" гэлээ.

Өнөөдрийн байдлаар улирлын томуугийн вакцинд 90024 хүн хамрагдаад байна. Тус вакцинаар зорилтот бүлгийн буюу 2-11 насны 161700 хүүхэд, 10520 жирэмсэн эмэгтэйг дархлаажуулахаар төлөвлөсөн. Есдүгээр сарын 20-ны байдлаар дархлаажуулалтад хамруулахаар зорьсон иргэдийн 52.5 хувь нь хамрагджээ. Тухайлбал:

  • 2 насны 3061 хүүхэд
  • 3-5 насны 25.009 хүүхэд
  • 6-11 насны 61.739 хүүхэд
  • жирэмсэн эмэгтэй 215 иргэнийг дархлаажуулсан байна.