Монголын 600 орчим хөгжөөн дэмжигч тамирчдаа дэмжжээ

БНСУ-д болж буй өвлийн олимпийн наадам дуусах шатандаа ороод байна. Цагаан олимпийг зорьсон Монголын хоёр цаначны хувьд хуваарьт уралдаандаа оролцож, ямартаа ч ардаа хэд хэдэн орны баг тамирчдыг орхиод авсан. Тэдний хувьд айдгаа авдартаа хийлээ гэсэн үг.

Тэгвэл олимпийн наадмын үеэр дэлхийн шилдэг тамирчдыг нүдээр үзэх гэж газар газраас жуулчид энэ л талбарт хуран чуулдаг. Мөн шигшээ багаа дэмжихээр зорин ирдэг ч уламжлалтай. Монголчуудын хувьд Солонгост олноор ажиллаж, амьдарч, суралцдаг тул дөрвөн жилд ганц тохиодог өвлийн олимпийн наадмыг яаж үзэхгүй байх вэ. Энэ таатай завшааныг алдалгүй, мөн өөрийн орны тамирчдынхаа олимпийн цасан цагаан уралдахыг дэмжихээр 600 орчим Монгол хүн нэг дор цуглажээ.

Энэ хөгжөөн дэмжигчдийн тоо бараг олимп зохион байгуулагч орны дараа орж мэднэ. Тэдний ихэнх нь Монгол төрийн далбаагаа намируулан гоёж ирсэн нь бусдаас онцгой харагдана. Басхүү тэсгим хүйтэнд “Халуун элгэн нутаг” дуугаа дуулж, уухайн түрлэгээр олныг алмайруулж чадлаа. Тийм ээ, та нар мундаг байлаа. Олимп эхэлсэн өдрөөс л шилдэг тамирчдын уран гоё үзүүлбэрүүдээс гадна хөгжөөн дэмжигчдийн сүр жавхлант дүр төрх, сэтгэл огшоом байдал олны анхаарлыг татсаар ирсэн билээ.

Эх сурвалж: Eagle.mn