Хаан банкны данстай иргэдийн НӨАТ-ын буцаалт өнөөдөр орно

Иргэдийн 2017 онд хийсэн худалдан авалт үйлчилгээний НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг арилжааны банкууд олгоод байна. Энэ удаагийн буцаан олголтоор 78.1 тэрбус төгрөгийг иргэдэд олгож байгаа юм.

Буцаан олголтын мөнгийг иргэдэд олгох талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр хийсэн мэдээллийнхээ онцолсон бөгөөд буцаан олголтын мөнгийг жилд нэг олгодгийг улирал бүр олгодог болсныг мөн танилцуулсан юм.


2018 оны эхний улиралд хийсэн худалдан авалт, үйлчилгээнийхээ үнийн дүнгийн хоёр хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг иргэд хоёрдугаар улиралд авах юм.


НӨАТ-ын буцаан олголт өчигдрөөс /2018.01.31/ эхлэн иргэдийн дансад орж эхэлсэн. Гэхдээ Хаан банкны данстай иргэдэд одоогийн байдлаар НӨАТ-ын буцаан олголт олгогдоогүй байна. Тус банкны мэдээллийн ажилтнаас энэ талаар тодруулахад, Хаан банкны системтэй холбоотойгоор буцаан олголт түр саатсан байна. Өнөөдөр /2018.02.01/ 10.00 цагаас Хаан банкны дансаа E-barimt-д бүртгүүлсэн иргэдэд НӨАТ-ын буцаан олголт нь олгогдож эхэлнэ гэв. 

Сануулахад, цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн хэрэглэгчийн данс эзэмшигчийн мэдээлэл арилжааны банкин дахь данс эзэмшигчийн мэдээлэлтэй ижил, зөрүүгүй байх шаардлагатай гэнээ. Хэрэв бүртгэлийн мэдээлэл алдаатай бол гүйлгээ буцаагдах аж.