Я.Цэлмэн: Сонголтдоо  эргэлзсэн ч төрөлх сургуульдаа ажиллахаар шийдсэн

Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн тэнхмийн ахлах багш, цагдаагийн ахмад Я.Цэлмэнтэй ярилцлаа. Тэрбээр Хууль сахиулахын их сургуулийн 2017 оны “Тэргүүний багш”-аар шалгарсан билээ.

-Залуу эрдэмтэн, багш нарт үлгэр дуурайл болж, “Тэргүүний багш”-аар шалгарсан танд баяр хүргэе. Уг нэр хүндтэй шагналын эзнээр шалгарахад   таны ажлын арга барил нөлөөлсөн биз ээ.  Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Баярлалаа. Нэр хүндтэй шагналын эзэн болсондоо баяртай байна. Энэхүү шагнал нь гэр бүл, сургууль, тэнхимийн хамт олон, багш, шавь нарын маань хамтын хөдөлмөрийн үр дүн гэж би боддог.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн тэнхимээс сонсогчдод гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлүүдийг түлхүү заадаг. Энэ хүрээнд сургалтыг практиктай уялдуулах чиглэлийн ажлуудыг зохион байгуулдаг юм. Тэнхим, хамт олноороо улсын мөрдөн байцаах алба болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ялангуяа мөрдөх ажиллагааны чиглэлийн практик байгууллагуудтай хамтран ажилладаг.

Манайх цаг үргэлж төгсөгчдийнхөө практикт хэр үр бүтээлтэй  ажиллаж байгаад дүгнэлт хийж, судалдаг. Цагдаагийн сургуулийн  олон мянган  төгсөгчид цагдаагийн газар, хэлтсүүдийн шилдэгээр шалгарч, ажил мэргэжлээрээ бусдыг манлайлж явааг нь  харах багш бидэнд сайхан байдаг.

Улсын мөрдөн байцаах албанаас жил бүр зохион явуулдаг “Шилдэг мөрдөгч” тэмцээнийг Цагдаагийн сургууль хамтран зохион байгуулж ирсэн. Уг тэмцээний шүүгчийн бүрэлдэхүүнд манай тэнхимийн багш нар оролцон ажилладаг л даа. Тэмцээний явцад сургалтаа хэрхэн чанаржуулах, бидний сургалтын сул  эсвэл  давуу тал нь юу вэ гэдэгт дүгнэлт хийхийг эрмэлздэг.  

Цагдаагийн сургуульд элсэн суралцагчид цагдаагийн аль нэг төрөл мэргэжлийн алба хаагч болно гэсэн хүсэл мөрөөдлөөр дүүрэн байдаг. Би ч гэсэн тэдгээр суралцагчдын нэг байсан. Тиймээс мөрдөгчийн чиглэлээр түлхүү мэргэших хүсэлтэй суралцагчдыг сонгон бэлтгэх хэрэгтэй гэсэн шийдэлд хүрч клуб байгуулж  байлаа.

Би мөрдөн байцаагчаар ажиллаж байгаад Хууль сахиулахын их сургуульд 2012 онд багшаар томилогдсон. Тухайн үед харьяалагдах тэнхимдээ мөрдөн байцаагч болох сонирхолтой сонсогчдыг бэлтгэх зорилготойгоор 2012 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр “Хууль сахиулагч” нэртэй клуб байгуулсан. Анх 45 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус клуб жил бүр шинэ элсэгч сонгон шалгаруулж клубын гишүүнээр элсүүлэн суралцагчдын хөгжлийг дэмжих үйл ажиллагаануудыг төлөвлөгөөний дагуу зохион явуулдаг.  

  “Хууль сахиулагч” клуб нь суралцагчдыг ирээдүйн хууль сахиулагч, мөрдөгчөөр мэргэшүүлэхэд илүүтэй анхаарч ажилладаг юм.

 Манай сургууль, тэнхимийн удирдлага, багш, алба хаагчид уг клубын үйл ажиллагааг ихээхэн дэмжиж тусалдагт баярлаж явдаг. 2016 онд тус клуб нь гавьяат хуульч, хүндэт чекист, ХСИС-ийн анхны хүндэт доктор, хошууч генерал Д.Сандаг-Очир гуайн нэрэмжит болсон нь тус клубын гишүүн болон бидэнд их урам зориг өгсөн шүү.

-   Суралцагчдыг мөрдөгчдийн чиглэлээр мэргэшүүлэх, төгсөөд практикт хэр үр бүтээлтэй ажиллаж байгаад нь хяналт тавих гээд та  үргэлж шавь нартайгаа холбоотой байдаг бололтой. Багш хүний хувьд юуг эрхэмлэдэг вэ?

-Хувь хүний төлөвшил, хүн чанар хамгаас чухал. Хичнээн сайхан хуульч, хууль сахиулагч байлаа ч харилцаа, зан чанар, төлөвшлийн хувьд бусдын итгэлийг алдах нь ийм мэргэжилтэй хүнд зохимжгүй. Бид сургалтын явцад хууль сахиулагчдын төлөвшилд ихээхэн анхаардаг. Үүний нэг нь Цагдаагийн сургуулийн хэмжээнд зохион явагддаг “Амьдрах сайхан” сэдэвт лекц юм. Түмэн олонд хүлээн зөвшөөрөгдсөн, сайн үйлсээрээ тэргүүлсэн эрхэмүүдийг урьж лекц, уулзалт зохион байгуулдаг.

Сургуулиа төгсөөд хүнтэй тулж ажиллах учраас төлөвшил чухал гэдгийг багш нар бидэнд үргэлж хэлж, сануулдаг байсан. Харин одоо би шавь нартаа энэ үгийг хэлдэг юм.   

Учир нь анх мөрдөн байцаагчаар ажиллаж буй алба хаагчдын ажлын амжилтад хүрнэ гэсэн хүсэл эрмэлзлэлд  нь харьцааны алдаа төвөгтэй байдал үүсгэх тохиолдлууд бишгүй гардаг.  

-Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдгийг сонирхож болох уу?

-Би багш хүн. Иймд үргэлж өөрийгөө хөгжүүлж, өөртөө шинэчлэл хийж байх ёстой гэж боддог. Миний хувьд ХСИС-ийн Ахисан шатны боловсролын сургуулийн докторантурын сургалтын танхимын хичээлээ дүүргээд одоо хууль зүйн доктор (Ph.D), цагдаагийн дэд хурандаа Ж.Мөнхболд багшаараа удирдуулан судалгааны ажлаа хийж байна.  Мөн Хууль сахиулахын удирдлагын академийн Захиргааны удирдлагын магистрын ангид суралцаж байгаа. Үүний хажуугаар өдрийн ажлаа төлөвлөж, тэр дагуу ажиллахыг хичээдэг.

Хамгийн түрүүнд сургалтад анхаарал хандуулдаг. Заах аргаа сайжруулахын тулд бусад багш нараас туршлага судлах, шинэ батлагдсан хуулиудтай холбогдуулан хичээлийн лекцэндээ баяжилт, шинэчлэлт хийх, мөн сургууль, тэнхимээс гаргасан зорилт болох заадаг хичээл болгоноор ном, сурах бичиг туурвих ажлаа хамт олныхоо дэмжлэгтэйгээр хийх, клубын болон бусад суралцагчдад хичээл заах, давтлага өгөх гээд багш хүний ажилд нэг өдөр заримдаа хүрэлцдэггүй.

 Эрдэм шинжилгээний хуралд сонсогчдыг тогтмол удирдан оролцуулахыг хичээдэг. 2017 онд Монгол Улсын Хууль зүйн чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулийн оюутан залуусын дунд зохиогдсон “Мок Трайл” шүүхийн мэтгэлцээний тэмцээнд Цагдаагийн сургуулийн дэд захирал, цагдаагийн хурандаа Г.Буянхишиг багшийнхаа шийдвэрээр сургуулийн багаа бэлдэн их сургуулиа төлөөлөн оролцож, хоёрдугаар байрт шалгарсандаа бид ихэд урамшсан.  Мөн илтгэлийн уралдаануудад суралцагдчаа амжилттай бэлтгэж оролцууллаа. Энэ мэтээр өнгөрсөн онд Цагдаагийн сургууль, ЭХХШЭЗ тэнхим, миний болон хамт олон, шавь нарын минь хувьд  амжилт бүтээлээр дүүрэн жил байлаа.

-Таныг Хууль сахиулахын их сургуулийн шилдэг суралцагчдын нэг байсан гэж сонссон.  Та мөрдөгчийн ажлаа яагаад багш мэргэжлээр солих болов оо?

 -  Би Цагдаагийн академийн 2006 оны төгсөгч юм. Тухайн үед надад сургуульдаа багшлах саналыг багш нар тавьсанд одоо ч талархаж явдаг. Практик туршлагагүйгээр багшилна гэдэг манай тэнхимийн заадаг хичээлүүдийн хувьд боломжгүй. Анх ЦЕГ, УМБГ-ын мөрдөн байцаагчдын сонгон шалгаруултад тэнцэн, мэргэшсэн мөрдөн байцаагчийн сургалтад хамрагдан Завхан аймгийн цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар томилогдож ажлын гараагаа эхлүүлсэн. Дараа нь 2008 онд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагчаар шилжин ажилласан. Хэлтсийн баярын бичиг, өргөмжлөл, хугацааны өмнө цагдаагийн ахлах дэслэгч цолоор шагнуулан, эзэмшсэн мэргэжилдээ “дурлаж”, албандаа л зүтгэнэ гэсэн бодолтой байсан. Надад эрүүгийн процессын хичээл заасан багш минь  цагдаагийн хурандаа  Б.Эрдэнэбилэг  юм. 2012 оны хавар  багш над руу утсаар яриад “Чамайг ажилдаа дуртайг чинь мэднэ, гэхдээ багшлах сонирхол байвал, сургууль дээрээ ирээд уулз” гэсэн.

Дараа нь багштай уулзаад тэнхимийн хурлаар дэмжигдэн,  Цагдаагийн сургуульд багшлах хүсэлтээ өгсөн. Хэдий мөрдөгчийн ажлаа багшаар солиход би чадах боловуу гэж эргэлзсэн ч төрөлх сургуульдаа ажиллаж, сургалт, судалгааны ажил хийхээр шийдсэн. Энэ сонголтыг хийхэд багш маань их нөлөөлсөн бөгөөд эцэг, эх, гэр бүл маань дэмжсэнд одоо ч баяртай байдаг.

-Та суралцагчдад сургамж болохуйц зөвлөгөө өгөхгүй юу?

-Хэр зөв хүн болох нь бүхнээс чухал. Манай сонсогч, суралцагчдын хувьд сургалтын таатай орчин хэдийнэ бүрдсэн. Харин одоо тэд хичээж, цагтай уралдан, амжилттай суралцах хэрэгтэй юм. Суралцах хугацаанд зорилгодоо хүрэхийн тулд шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэйг зөвлөе. ХСИС-ийн 2017 оны тэргүүний багшаар шалгарч, хөдөлмөрөө үнэлүүлсэндээ баяртай байна. Багшийн ажил хамтын хөдөлмөр байдаг. Намайг дэмждэг гэр бүл,  удирдлага, хамт олон, шавь нартаа баярлалаа.