Эсэргүүцэгчид H&M-ийн салбар дэлгүүрүүдийг сүйтгэлээ

Бэлэн хувцасны зах зээлийн тэргүүлэгч  компаниудын нэг болох Шведийн H&M-ийнхэн арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хэмээх шүүмжлэлд өртөөд байгаа юм. Арьс өнгөөр ялгаварлах үзэл гаргасан гэх шалтгаанаар Өмнөд Африкийн Йоханесбург хотод байрлах H&M брэндийн 6 салбар дэлгүүрийг эсэргүүцэгчид сүйтгэжээ. Тэд дэлгүүрийн хувцаснуудыг тарааж, урахыг нь урж, хана туурга, цонх хаалгыг нь эвдлэн эсэргүүцлээ илэрхийлжээ.

Тус брэндийн энэ оны нэгдүгээр сарын 8-нд худалдаанд гаргасан ногоон өнгөтэй, coolest monkey in the jungle ( ширэнгийн хамгийн догь сармагчин) гэсэн бичигтэй юудэнтэй, чөлөөт загварын цамцыг хар арьст хүүд өмсгөж сурталчилсан нь маргаан дэгдээсэн юм. Хар арьст хүүгээр дамжуулан хар арьст иргэдийг сармагчин хэмээн үздэг европчуудын бодлыг илэрхийллээ гэхийн зэрэгцээ арьс өнгөөр ялгаварлан гадуурхагдсан хэмээн үзсэн хар болон өнгөт арьстнууд энд тэндгүй жагсаал хийн эсэргүүцлээ илэрхийлэх болсон.

Твиттер хуудас энэ бүх шүүмжлэл, эсэргүүцлийн хамгийн том талбар болж твиттерчид H&M брэндийг сурталчилгаандаа зөвхөн monkey гэсэн бичигтэй ( жич: энэ нь аль эртнээс арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан байдлыг илтгэсэн үг гэдгээрээ болгоомжтой хэрэглэгддэг ) цамцыг заавал хар арьс хүүд өмсгөсөн, харин бусад өнгө, бичигтэйг нь цагаан арьст хөвгүүдэд өмсгөж сурталчилсан нь далд утга илэрхийлж байна гэсэн шуугиан дэгдээсэн юм. Хэдийгээр H&M-ийнхэн албан ёсоор уучлалт гуйж, хөвгүүдэд зориулсан чөлөөт загварын цамцны сурталчилгаагаа шинээр эхлүүлсэн гэдгээ мэдэгдэн, худалдаанаас татсан ч эсэргүүцэл нэгэнт газар авсан байлаа.

Энэхүү эсэргүүцэлд алдартнууд ч нэгдэж эхэлсэн төдийгүй дуучин Weeknd тус брэндтэй байгуулсан гэрээгээ цуцалж буйгаа албан ёсоор мэдэгдэв. Weeknd-ийн хувьд өнгөрсөн жил H&M-ийн XO тусгай нэрийн загвартай гэрээ байгуулж, тоглолт болон өдөр тутмын хувцаслалтаараа сурталчилахаар болжээ. Харин арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан сурталчилгаа нь таалагдаагүй учир бүх гэрээгээ өөрийн саналаар цуцалж буй аж.

H&M брэнд ганцаараа ийм байдалд орж байгаа биш гэнэ. Өмнө нь 2014 онд Zara брэндийнхэн босоо судалтай унтлагын хувцас гаргаж, түүнийгээ цагаан арьс залууд өмсгөж сурталчилсан нь бас л маргаан дэгдээсэн юм. Босоо судалтай унтлагын хувцсаар бөөнөөр хорих лагерьт хоригдож байсан жүүд иргэдийг доромжилсон гэж үзсэн байна.

Сэтгүүлч: Л.Эрдэнэжаргал

Эх сурвалж: Eagle.mn