Улаанбаатар чуулга театр болно

Улаанбаатар чуулга театр болон өргөжнө гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд Улаанбаатар чуулгыг театр болгон өргөжүүлэхэд татгалзах зүйлгүйг тодотгоод, НИТХ-д өргөн барихаар болжээ.

Тус чуулга нийт 62 албан хаагчтай, тэдний 44 нь уран бүтээлч /дуучид, хөгжимчид, бүжигчид/ аж. 

Түүнчлэн бүрэн хэмжээний тайзны хоёр бүтээл, дууны 250, хөгжмийн 310, бүжгийн 96, нийт 678 бүтээлийг бүрэн хэмжээнд тавьжээ. Тус чуулга нь статусаа өөрчилж, нэршлийн хувьд театр болсноор олон давуу тал бий болно гэж чуулгын дарга Р.Мөнхсайхан хэллээ.

Театр болж өөрчлөгдсөнөөр гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж, уран бүтээлийн төсөл хөтөлбөрүүдэд хамрагдан, чансаа сайжрахын дээр санхүүжилтийн эх үүсвэр нэмэгдэж, олон улсын театрын төсөлд хамрагдах эрх нээгдэнэ хэмээн театрын дарга танилцуулсан байна. Чуулга театр болсон ч одоогийн бүрэлдэхүүнээрээ бүтэц орон тоогоо нэмэхгүйгээр ажиллах юм байна.