“Токио-2020” паралимпод зодоглосон Монголын эрэгтэй жүдочид VII байр эзлэв

“Токио-2020” паралимпод зодоглосон Монголын хоёр жүдоч хоёул дагах барилдаанд ялагдсанаар долдугаар байр эзэллээ. Эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдсан А.Мөнхбатын хувьд тун харамсалтай дийлдлээ. Тэрбээр Японы Южиро Сетотой хийсэн барилдаанд хутгаж унаган вазари авч, оноогоор тэргүүлж эхэлсэн. Гэвч цаг дуусахаас гуч гаруйхан секундийн өмнө өрсөлдөгчийнхөө хутгаанд цэвэр ялагдав. Ийнхүү япон бөх хүрэл медалийн төлөө барилдахаар болж, А.Мөнхбат барилдаанаа өндөрлөлөө.

Түүнчлэн 60 кг-д барилдсан залуу тамирчин С.Ядамдорж Риогийн паралимпын аварга узбек бөх Шерзод Намозовт хоёр вазари алдан дийлдсэнээр тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

Монголын багийн сүүлийн жүдоч Н.Алтанцэцэг наймдугаар сарын 29-нд эмэгтэйчүүдийн +70 кг-д зодоглоно. Тэрбээр эхний даваанд Ташкентын гран-при тэмцээний мөнгөн медальт Казахстаны Зарина Баибатинатай хүч сорино.