Цалинтай ээж хөтөлбөрт хамрагдахад бүрдүүлэх материалын жагсаалт

“Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдахад ямар материал бүрдүүлэх вэ?” гэсэн асуултыг цөөнгүй ээжүүдэд асуулт болж буй.  Учир нь Засгийн газраас 2018 оноос “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж, 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч буй ээжүүдэд сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор төсөвлөсөн билээ.

Улсын хэмжээнд 0-3 насны хүүхдээ асарч байгаа 135 мянган эх уг хөтөлбөрт хамрагдахаар тооцоолж, нийт 81 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Харин өрх толгойлсон эцэг, эхийн тэтгэмжид 16.500 эцэг, эхийг хамарна хэмээн тооцоолж, 15.8 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. 

“Цалинтай ээж хөтөлбөрийн мөнгийг 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч буй ээжүүдэд олгоно. Уг тэтгэмжид хамрагдахад хүүхдийн тоо хамаарахгүй аж. 

Ингээд “Цалинтай ээж” хөтөлбөрт хэрхэн хамрагдах, ээжүүд ямар материал бүрдүүлэх шаардлагатай талаар мэдээллийг бэлтгэн хүргэж байна. 

Тэтгэмжийг хүсэлт гаргасан сараас эхлэн олгоно


Жирэмсэн эхийн тэтгэмж авч байсан иргэн хүүхэд төрөнгүүт 0-3  хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж 50 мянган төгрөг авах хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд гаргана.

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулиар дараах тэтгэмжүүдийг олгохоор зохицуулсан. Үүнд:

  • Жирэмсний таван сартайгаас эхлэн хүүхэд төрүүлэх хүртэлх хугацаанд эх сар бүр тэтгэмж авах эрхтэй.
  • Төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй.
  • Дөрөв хүртэлх насны ихэр хүүхэд төрүүлсэн эх нэг удаа тэтгэмж авах эрхтэй.
  • 0-18 хүртэлх насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг улирал бүр тэтгэмж авах эрхтэй.

Жирэмсэн эхийн тэтгэмжид хамрагдах иргэн бүрдүүлэх материал: 

  • Өргөдөл;
  • Нэг хувь зураг;
  • Иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
  • Баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
  • Жирэмсэн үедээ эмнэлгийн хяналтад орсон тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт.
  • Жирэмсэн эхийн тэтгэмж авч байсан иргэн хүүхэд төрөнгүүт 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж авах хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд гаргана.

0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжид хамрагдах иргэн:

  • Өргөдөл;
  • Нэг хувь зураг;
  • Иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
  • Хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт;
  • Хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;
  • Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасны дагуу хүүхэд асрах чөлөөтэй байгаа бол чөлөө олгосон тухай ажил олгогчийн тушаал, хуулбарын хамт;
  • Баг, хорооны Засаг даргын тодорхойлолт

Ихэр хүүхдийн тэтгэмжид хамрагдах иргэн:

  • Өргөдөл;
  • Иргэний үнэмлэх хуулбарын хамт, гадаадад оршин суугаа иргэний хувьд иргэний үнэмлэх, эсхүл нотариатаар батлуулсан хуулбар;
  • Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;
  • Ихэр хүүхэд нь эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт;
  • Баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;

Гадаадад оршин суугаа иргэний хувьд тухайн газрын эмч, эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, Монгол улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тодорхойлолт.

Гурав болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжид хамрагдах иргэн:

  • Өргөдөл;
  • 1 хувь зураг;
  • Нас барсан эхнэр, эсхүл нөхрийн нас барсны гэрчилгээ, хуулбарын хамт;
  • Баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
  • Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт /16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэх, хуулбарын хамт/;
  • Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.8-д заасан өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох талаар сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлөөс гаргасан шийдвэр.

Дашрамд дурдахад, тэтгэмжийг хүсэлт гаргасан сараас эхлэн олгох бөгөөд тэтгэмжийг нөхөн олгохгүй юм байна. Сар бүр олгох тэтгэмжийг тухайн сарын 20-ноос хойш, улиралд олгох тэтгэмжийг тухайн улирлын сүүлийн сарын 20-ноос хойш тус тус олгох аж.

Та материалаа  харьяа хорооноосоо лавлан бүртгүүлж өгөөрэй.