Өвлийн өвгөн Санта Клаусын эсрэг

Дэлхий даяар шинэ он гарахыг хүлээж, католик ертөнц хүслэнт Зул сараа угтахын өмнөх эдгээр өдрүүдэд Өвлийн өвгөн болон түүний “мэргэжил нэгт нөхөр” Санта Клаус нарын адил төсөөтэй ба ялгаатай талуудыг сонирхуулах үүднээс толилуулж байна.

Өвлийн өвгөний гарал, үүсэл

Өвлийн өвгөн бол славяны үлгэр домгийн баатар юм. Эрт дээр үед өвлийн догшин жаврыг Морозко хэмээх хүчирхэг, шидэт өвгөний дүрээр гаргадаг байжээ. Энэ нь сүүлдээ Өвлийн өвгөн болж хувирсан байна. Англи хэлтнүүд үүнийг үгчлэн орчуулж "Father Frost" гэж нэрлэдэг нь өөрсдийн Санта Клаусаас ялгаж байгаа хэрэг юм.

Санта Клаусын гарал, үүсэл

Санта Клаус бол католик шашны Зул сарын баярын үеэр хүүхдүүдэд бэлэг өгдөг шидтэн, үлгэрийн баатар билээ. Түүний эх дүр нь олонд шүтэгдсэн Мирликийн Николай хэмээх гэгээнтэн байсан гэж үздэг. (Санта — "гэгээн", Клаус — "Николай") Тэрээр ядууст туслаж, хүүхдүүдэд өглөг өгөх зэргээр өөрийгөө буяны үйлд зориулсан нэгэн байсан гэдэг.

Өвлийн өвгөний хувцас

Өвлийн өвгөн уламжлалт  орос хувцас өмсдөг. Энэ нь цагаан үсэн зах, нударгатай, мөнгөн хатгамлаар чимсэн, өлмий хүрсэн урт дулаан дээл, арьсан малгай юм. Голдуу улаан, хөх өнгөөр хувцаслах боловч шүүгээнд нь мөнгөлөг өнгийн дээл бас байдаг гэнэ лээ. Бас тачигнасан жаврыг сөрөн явахад нь дааруулахгүй байх зузаан, үслэг бээлий заавал өмсөнө. 

Хүйтний өвгөн мөнгө буюу болроор урласан шидэт таягнаасаа салдаггүй. Дээрээс нь хүүхэд бүрийн хүссэн бэлгийг том гэгчийн шуудайнд хийгээд авч явдаг.

Санта Клаусын хувцас

Харин Санта Клаус их хөнгөн хувцаслана. Тэр цагаан эмжээрт, ув улаан богино хүрэмнээс салдаггүй. Цагаан цацагтай овоодой малгай духдуулж, хөлдөө хар гутал жийнэ.

Өвлийн өвгөний ач охин

Өвлийн өвгөн цаг үргэлж хайртай ач охиноо дагуулж явдаг. Цасан охин буюу Снегурочка бол шинэ жилийн баярын гол баатрын нэг юм. Үзэсгэлэн төгс Цасан охин хөх, цагаан, эсвэл мөнгөлөг өнгийн уламжлалт гоёл өмсдөг. Тэрээр Өвлийн өвгөний нэгэн адилаар хүүхэд багачуудыг баясган, дуулж бүжиглэж, бэлэг түгээдэг.

Санта Клаусын эхнэр

Санта Клаус эхнэртэйг бүгд мэдэх боловч охинтой, эсвэл ач охинтой гэж дуулдаагүй юм байна. Ер нь тэр ганцаараа аялан явах дуртай гэнэ.

Өвлийн өвгөний унаа

Өвлийн өвгөн Оросын алдарт “тройка” буюу гурвалсан морь хөллөсөн чаргаар давхина.  

Санта Клаусын унаа

Харин Санта Клаус буга хөллөсөн тэрэг хөлөглөж агаар тэнгэрээр дүүлэн нисэж явдаг ажээ.

Өвлийн өвгөний бэлэг

Өвлийн өвгөн 12-р сарын 31-ээс 1-р сарын 1-нд шилжих шөнө засаж чимэглэсэн гацуур модны дор хүүхэд багачуудад зориулсан бэлгээ орхино. Хэрвээ шинэ жилийн баярыг цэцэрлэг, сургууль, албан газартаа тэмдэглэж байгаа бол Өвлийн өвгөн тэнд очиж хүүхэд багачуудыг дуугаа дуулж, шүлгээ уншсаны дараа л хүсэн хүлээсэн бэлгийг нь гаргаж өгдөг.

Санта Клаусын бэлэг

Санта Клаус Зул сарын шөнө хүмүүсийн зориуд ил өлгөж орхисон оймсонд нь бэлгээ хийдэг. Өглөө нь хүн бүр оймсноосоо өөрийн хүссэн бэлгээ олж авдаг.

Ингэхлээр энэ хоёр хоёулаа гэрт орж ирдэг байх нь. Харин Өвлийн өвгөн ёслолын хаалгаар ордог бол Санта Клаус дээвэр дээрх яндангаар ордог гэнэ.

Өвлийн өвгөний ордон

Оросын Вологода мужийн Великий Устюг хотод Өвлийн өвгөний ордон бий.

Харин Москвагаас зүүн хойд зүгт 1000 км-ийн тэртээ өтгөн ойн дунд Өвлийн өвгөний зуны ордон нуугдсан байдаг. Эдгээр ордон зочдод хэзээ ямагт нээлттэй байдаг гэнэ.

Санта Клаусын Эх орон

Санта Клаусын эх орон бол Лапланди буюу Хойд туйл орчмын арлууд юм. Энд түүний туслахууд  болох үлгэрийн бяцхан эльфүүд амьдардаг. Эд наргүйгээр Санта Клаусын ажил хэцүүдэх гэнэ.

Өвлийн өвгөний төрсөн өдөр

Жил бүрийн 11-р сарын 18-нд Өвлийн өвгөн Великий Устюг дэх эдлэндээ төрсөн өдрөө сүрлэг сайхан тэмдэглэдэг. Энэ өдрийг өвлийн эхэн гэж үздэг. Энэ өдөр Өвлийн өвгөн гадаад, дотоодын олон зочдыг хүлээж авдаг байна.

Санта Клаусын төрсөн өдөр

Санта Клаусыг 12-р сарын 6-нд төрсөн гэж тооцдог. Энэ өдөр католик шашинтнууд гэгээн Николайн дурсгалыг хүндэтгэн тэмдэглэдэг байна.

Иймэрхүү ялгаануудыг үл харгалзвал Өвлийн өвгөн, Санта Клаус хоёр хоёул шинэ оны бэлгэдэл болж, хүүхэд багачуудад бэлэг түгээдэг сайхан сэтгэлт шидтэнүүд ажээ. Тэдэнд хүүхэд багачууд маш их захиа бичиж ид шидийг хүсдэг гэнэ. Тэд жилд 200 000 орчим захиа авч, чадах хирээрээ хариу илгээдэг гээд бод доо. Та нар ч захиа бичиж болно. Аз чинь таарвал үлгэрийн шидтэний сонгосон хүн болж, тусгай бэлэг хүртэж ч магадгүй.

Ингэж Өвлийн өвгөн, Санта Клаус нар хүмүүст инээд хөөр, аз жаргал, гэрэл гэгээ бэлэглэдэг байна.