Г.Занданшатар: Зарим иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 50 хувиар буурууллаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын 2018 оны хэмжээг тогтоох тухай, Эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх зарим төсөл хэрэгжүүлэх тухай асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ. Тэрээр “Эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн саналаар Засгийн газар тогтоож байхаар болсон. Үүний дагуу 2018 онд баримтлах эрүүл мэндийн даатгалын хувь хэмжээг тогтоолоо. 

Малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид, ажилгүй иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 50 хувиар буурууллаа. Сард 4800 төгрөг төлдөг байсныг 2400 болгож байгаа юм. Жилийн дүнгээрээ бол 28800 төгрөг төлдөг болж байгаа гэсэн үг. Сүүлийн үед татвар нэмэгдлээ гэсэн яриа их гарч байна. Эдийн засгийн хямрал, хүндрэлээс шалтгаалаад дэлхийн бүх улсад байдаг, орлого ихтэй хүн арай илүү татвар төлдөг системыг нэвтрүүлсэн. Нөгөө талдаа орлого багатай иргэдийнхээ эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бууруулж байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдол цахилгаан эрчим хүчний хангамжтай салашгүй холбоотой. Засгийн газар байгуулагдсан цагаасаа Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлд анхаарлаа хандуулж байгаа. Энэ хүрээнд цахилгаан эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх үүднээс гурав, дөрөвдүгээр цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ” гэв.