АТГ: Гэмт хэргийн шинжтэй 77 гомдол, мэдээллийг шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 8 дугаар сарын 02-06-ны өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 20 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгав. Өнгөрсөн долоо хоногт 4 гомдол, мэдээллийг  шийдвэрлэжээ. Одоогоор ашиг сонирхлын зөрчилд хамаарах 21 гомдол шалгагдаж байна.

Мөн дээрх хугацаанд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 144 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авч, 136 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 94 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Мөн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 8 дугаар сарын 02-06-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 28 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 77 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 2 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байна. Одоогоор 64 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 565 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 4 хэргийг шүүхэд шилжүүлэх, 7 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлж, мөрдөн шалгах ажиллагаанд 554 хэрэг шалгагдаж байна.

Нийтэлсэн: Авлигатай Тэмцэх газар