Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа хэсэгт хяналтын пост ажиллуулна

Монгол Улсын “Ашигт малтмалын тухай хууль”-нд Тусгай зөвшөөрөл авсны дагуу тухайн газар нутгийг уул уурхайн зориулалтаар ашиглаж болно, эсвэл хөндөгдсөн газрыг бичил уурхайн зориулалтаар ашиглаж болно гэж заасан байдаг.

Төв аймгийн Засаг даргын захирамжаар Засаг даргын орлогч Г.Сурмаагаар ахлуулсан БОАЖГ, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газрын ажлын хэсэг Сэргэлэн сумын удирдлагууд хууль бусаар алт олборлож байгаа газарт ажиллалаа.

Энд ойролцоогоор 20 орчим га талбай хөндөгдсөн байдалтай 200 орчим автомашин, 500-600 хүн гар аргаар алт олборлож байсан юм.

Байгаль орчинд ноцтой хохирол учруулж байгаа эдгээр иргэдийг саатуулах, техник хэрэгслийг хураах, автомашиныг журамлах зэрэг арга хэмжээг удаа дараалан авч байгаа ч гар аргаар алт олборлогчдын тоо буурахгүй байна. Эдгээр иргэдийн 70 орчим хувь нь гадны аймаг, сумын иргэд байдаг бөгөөд хөөж явуулсан ч төд удалгүй эргэн ирж хууль бусаар алт олборлож эхэлдэг байна. Цар тахлын нөхцөл байдалтай байгаа энэ үед хууль бусаар алт олборлох нь халдварт өвчин тархах өндөр эрсдлийг бий болгож байгаа бөгөөд гэмт хэрэг гарах нөхцөл ч их байдаг байна.

Байгаль экологи, хүрээлэн буй орчныг сүйтгэх, ус бохирдуулах, хөрс эвдэх зэрэг байгаа орчиндоо асар их сөрөг үр дагавартай хууль бусаар ашигт малтмал олборлогчдыг тойрсон асуудалд аймгийн зүгээс анхаарч, нэн тэргүүнд эвдэгдсэн газрыг нөхөн сэргээх, ойр орчимд хяналтын постууд гаргахаар боллоо.