Зам, замын байгууламжийн нөхөөс, засвар үйлчилгээний ажлыг шуурхай зохион байгуулж дуусгахыг үүрэг болгов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үүрэг, даалгавар өглөө. Тухайлбал, “Ковид-19”-ийн цар тахлын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов. Мөн улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа тохижилт, бүтээн байгуулалт, авто зам болон инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, захиалагчийн хяналтыг сайтар тавихыг даалгалаа. Бороо их орсны улмаас авто болон явган хүний замд ус ихээр тогтож, иргэдийн зорчих хөдөлгөөнд хүндрэл учруулж байгаа. Иймээс зам, замын байгууламжийн нөхөөс, засвар үйлчилгээний ажлыг шуурхай зохион байгуулж дуусгахыг үүрэг болгов. Түүнчлэн нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийн шон, цахилгаан хангамжийн агаарын шугамын тулгуур шонгуудаас унжсан цахилгааны болон кабел утаснуудыг цэгцлэх, инженерийн шугам сүлжээний худгийн тагны бүрэн байдал, ашиглалт хамгаалалтыг сайжруулах, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг даалгав.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС