Коронавирусний дельта хувилбар дэлхийн 96 улс оронд илрээд байна

Коронавирусний халдвар тараах чадвар өндөртэй дельта хувилбар дэлхийн 96 орны хүн амын дунд тархаад байна. Мөн энэ хувилбарын халдвар коронавирусний эсрэг вакцинд хамрагдаагүй хүн амын дунд маш хурдтайгаар тархаж байна. Энэ тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейсус гишүүн орнуудад зориулсан бага хурлынхаа үеэр онцлон мэдэгдлээ.

Тэрбээр дельта нь "Ковид-19"-ийн одоо илрээд байгаа хувилбаруудаас халдвар тараах чадвар хамгийн өндөртэй нь гэдгийг анхааруулсан юм. Түүнчлэн зарим улс оронд хорио цээрийн дэглэмээ сулруулж эхлээд байгаа ч дэлхийн хэмжээнд халдварын тархалт өсч байгааг үл тоож болохгүйг сануулсан байна.

Үүний зэрэгцээ вирусний халдварын өвчлөл нэмэгдэхийн хэрээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо дагаад нэмэгдэнэ. Үүнээс болж эрүүл мэндийн салбарынхны ачаалал эрч нэмэгдэж нас баралт ихсэх эрсдэлийг дагуулдаг гэдгийг дахин сануулсан юм.

Коронавирус байнга хувьсаж өөрчлөгдөж байгаа учир шинэ хувилбарууд цаашид ч бий болж мэдэхийг анхаарч, бэлтгэлтэй байх хэрэгтэйг зөвлөлээ. Гэхдээ халдварын тархалтыг бууруулж, зогсоохын төлөө бүхий л хүчин чармайлтаа гаргаж байж шинэ хувилбар үүсэх боломж нөхцөлийг нь хааж чадна гэжээ.

Олон улсын судлаач эрдэмтэд коронавирусний дельта хувилбарын аюултай шинжүүдийг тодорхойлж байна. Юуны түрүүнд ДЭМБ-ын тэргүүний мэдэгдсэнээр энэ вирусний халдвар тараах чадвар Сарс Ков 2 ийн анхны хувилбараас 75 хувиар илүү болохыг баталж байна. Өөрөөр хэлбэл, маш богино хугацаанд энэ хувилбарын халдвар авч, бас тараах магадлалтай гэнэ.

Хоёрдугаарт, вирусний энэ хувилбарын халдвар вакцинд хамрагдаж чадаагүй байгаа хүмүүсийн дунд эрчимтэй тархаж байгааг анхааруулж байна. Мөн Их Британид хийсэн судалгаагаар хүүхдүүд болон 50-иас доош насныхан Энэтхэг буюу дельта хувилбарын халдвар авч өвдөх эрсдэл анхны хувилбараас 2.5 дахин их байгааг сануулж байна.

Гуравдугаарт, халдвар маш хурдтай тархаж байгаагаас голомтот тэсрэлт үүсч энэ нь эрүүл мэндийн салбарынхны ачааллыг нэмж нас баралтыг нэмэгдүүлнэ. Дөрөвдүгээрт, дельта хувилбар бие организмд өөрөөр нөлөөлж байна. Энэ хувилбарын халдвар аваад өвчилсөн хүмүүст ханиалгах, үнэрлэх, амтлах мэдрэмжээ алдах нь бага байна. Харин толгой болон хоолой өвдөх, нус гоожих, халуурах шинж тэмдэг их илэрч байна. Тиймээс эрдэмтэн судлаачид дельта хувилбарын халдвараас сэргийлэх хамгийн чухал арга бол вакциндаа бүрэн хамрагдах гэдгийг дахин, дахин сануулж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ