УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь цахим хуудсаараа дамжуулан улс төр, бизнесийн хүрээнийхний хүүхдүүд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг, бүлэглэн хүчингийн хэрэг үйлдсэн тухай бичлэг тавьсан нь олны анхаарлыг татаад байгаа билээ. Тэгвэл уг хэргийн талаар Улсын ерөнхий прокурорын газрын Хэвлэл, мэдээлэл хариуцсан хяналтын прокурор Ц.Өлзийжаргал "Энэ талаар өмнө нь цагдаагийн байгууллагад ямар нэгэн гомдол мэдээлэл ирсэн тохиолдол байхгүй байна. Тэгэхээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан, шүүх рүү шилжүүлсэн гэсэн асуудал байхгүй гэсэн үг. Харин Г.Номуундарийн бичлэг цацагдаж эхэлснээр гэмт хэргийн шинжтэй гэж үзэн цагдаагийн байгууллага шалгалтаа эхлүүлээд байна. Шалгалтын явцад нэр дурдагдсан хүмүүс болон тэдгээрийн эцэг эх зэрэг нимйт 50-иад хүнээс байцаалт авч, бусад шаардлагатай ажиллагааг хийж эхлээд байна.
Шалгалтын явцад Г.Номуундарийн ярьсан "Манай дүү хүчиндүүлсэн" гэх асуудал нь худлаа болох нь тогтоогдсон. Дүү гээд байгаа нь түүний хамаатны охин байх ба тэрээр өөрөө болон түүний эцэг эх байцаалт өгсөн. Мөн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтээр тийм асуудал болоогүй болох нь тогтоогдоод байна. Цаашид бусад асуудлыг шалгаж байна" хэмээн мэдэгдлээ.