Шаардлагатай бол Г.Номуундарийг хамгаалалтад авна

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягийн охин Г.Н нийгмийн сүлжээнд хүчингийн хэргийн хохирогч болсон талаараа мөн зарим хүнийг хар тамхины хэрэгтэй холбоотой хэмээн бичлэг хийсэн нь өнгөрсөн баасан гарагт шуугиан дэгдээсэн.

Тухайн бичлэгт энэ хэрэг хоёр жилийн өмнө болсныг дурдаад ээж, өмгөөлөгчтэйгөө ярилцсаны үндсэн дээр бичлэг хийж байгаагаа хэлсэн. 

Харин өнөөдрийн “Өдрийн сонин”-ы дугаарт Г.Н-ийн аав ярилцлага өгсөн бөгөөд охинд нь ийм хэрэг тохиолдсон талаар бичлэгээс мэдсэн гэдгээ хэлсэн юм. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа талаар ч тэрбээр дурдсан байна.

Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс хэрэгтэй холбоотой тодруулгыг авсан юм.

-Иргэн Г.Н-тэй холбоотой хэргийг хэзээнээс шалгаж эхэлсэн юм бэ. Цагдаагийн байгууллага энэ хэрэг дээр хойрго хандаж байна гэх шүүмжлэл байна.
-Цагдаагийн байгууллага энэ асуудалд холбогдох шалгалтыг явуулж эхэлсэн. Мэдээлэл гарснаас хойш шалгалтын ажлыг эхлүүлсэн. Амралтын өдөр ар гэрийнхэнтэй нь уулзсан. Тэгэхээр хүлээцтэй хандах хэрэгтэй. Хэргийн явцын талаа дэлгэрэнгүй мэдээлэл их шаардаж байна. Энэ нь боломжгүй. Хэрэг бүртгэл, шалгалтын ажил тодорхой хугацаа шаарддаг. Аливаа асуудлын хэрэг бүртгэл, мөрдөн байцаах ажиллагааг тухай бүрд нь дэлгэх боломжгүй, хуулиар хориотой. Цагдаагийн байгууллагаас холбогдох ажиллагааг хийж дууссаны дараа мэдээлэл өгдөг.

-Бичлэгт гарч буйгаар хэрэг хоёр жилийн өмнө гарсан гэсэн. Тухайн үед цагдаагийн байгууллагад хандсан байсан юм уу?
-Шалгалтын ажиллагаа явуулж байгаа учраас энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. Гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд дурдагдсан учраас цагдаагийн байгууллага шалгалт явуулж байна. Хоёр жилийн өмнө энэ асуудал болсон эсэх, түүнийгээ мэдээлсэн эсэх нь шалгалтын явцад тодорхой болно.

-Мэдээлэлтэй холбоотой заналхийлэл ирж байна гэдгийг бичлэгтээ дурдсан байна лээ. Аюулгүй байдлыг хэрхэн хангаж байна вэ?
-Шаардлагатай бол Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулиар цагдаагийн байгууллага хамгаалалтад авдаг.

-Энэ хэрэгтэй холбоотойгоор нийгмийн сүлжээгээр зарим хүнийг гэмт хэрэгтэн гээд зарлачихлаа. 
-Эрүүгийн цагдаагийн албанаас холбогдох шалгалтын ажлыг явуулж байна. Тиймээс энэ асуудлыг шалгаж дуустал хүний нэр хүндэд халдахгүй байхыг олон нийтийн сүлжээ ашиглаж буй хүмүүс болон хэвлэл мэдээллийнхэн анхаарах хэрэгтэй. Янз бүрийн сэжиг таамаг дэвшүүлж, бусдын нэр хүндэд халдахгүй байхыг анхааруулж байна.

Асуудлыг шалгаж дуусаад прокурорт танилцуулсны дараа зөвшөөрсөн хэмжээгээр нийтэд ил болгох асуудал яригддаг. Хуулиар хамгаалагдсан хувь хүний нууцтай холбоотой зүйлс яригдах учраас хуулийн хүрээнд мэдээ, мэдээлэл бэлтгэхийг хэвлэл мэдээллийнхнээсээ хүсэж байна.

Хэвлэл мэдээллээс гадна нийгмийн сүлжээгээр хүмүүс бас мэдээлэл оруулж, түгээж байна. Одоогийн байдлаар нийгмийн сүлжээгээр цацагдсан мэдээлэлд гомдол ирээгүй байна. Хэрэв гомдол ирээд тэр нь батлагдах юм бол хуулийн хариуцлага хүлээнэ.

Эх сурвалж: Erennews.nm