Амьд үлдсэн охин нагац эгчтэйгээ амьдарч байна

Хэргийг эргэн сануулахад, энэ оны тавдугаар сарын 21-22-нд шилжих шөнө гэр бүлийн таван хүн амиа алдсан хэрэг гарсан юм.

Сонгинохайрхан дүүрэгт оршин суух Х гэгч эхнэр, гурван хүүхдийнхээ аминд хүрч, өөрийгөө егүүтгэсэн эл хэргийн дараа тэдний том охин амьд үлдэж чадсан юм.

Гэрт маргаан эхлэх үед охин цагдаад мэдэгдэхээр гэрээсээ гарч явсан ба түүнийг гарсан хойгуур аймшигт хэрэг гарсан байдаг. Уг хэргийг тухайн үед Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хэлтэст шалгаж байсан бөгөөд сүүлд Нийслэлийн Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасагт шилжүүлжээ.Ингээд хэргийг шалгаж дуусаад, прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

Мөрдөн байцаалтын явцад хэрэг үйлдсэн Х гэгч 39 настай эхнэрээ болон 4, 6, 11 настай хүүхдүүдээ хэрцгийгээр хөнөөж, эцэст нь өөрийгөө егүүтгэсэн гэдгийг тогтоосон байна.

Харин гэрээсээ зугтан, амьд гарсан 14 настай охины талаар зарим мэдээллийн хэрэгслүүд түүнийг асрамжийн газарт хүлээлгэн өгсөн гэхчлэн мэдээлж байсан.

Тэгвэл эсэн мэнд үлдсэн охины талаар эх сурвалжаас тодруулахад, “14 настай охины асран хамгаалагчаар нагац эгчийг нь тогтоосон. Охин сэтгэлзүйн хувьд тайван болж, хэвийн байдалдаа эргэн орсон тул хичээлдээ явж байгаа” гэлээ.

Мөн албаны байгууллагаас авсан мэдээллээр бол хэрэг үйлдсэн Х  нас барсан тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хаасан аж.  

Эх сурвалж: Erennews.mn