МХЕГ-ын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Б.Аззаяа, Хэлтсийн дарга Т.Баярсайхан нарыг өнгөрсөн пүрэв гарагт бусдаас хахууль авсаныг үйлдэл дээр нь АТГ-ынхан саатуулсан билээ. МХЕГ-ын баттай эх сурвалжаас авсан мэдээллээр Т.Баярсайхан нь бусдаас хахуульд 30 сая төгрөгтэй тэнцэх валют авч байсан аж.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн тэр шөнөдөө дээрх хоёр сэжигтний албан өрөө, гэрт нь нэгжлэг хийж, Б.Аззаяагийн гэрээс хахуульд авсан байж болзошгүй 60, Т.Баярсайханыхаас 400 сая төгрөг бэлнээр хураан авсан байна.
Дээрх хоёр хүнээс гадна тус газрын 10-аад байцаагчийг АТГ-т байцааж эхэлсэн аж. Тэд хилээр гаргахыг хориглосон хушны самар, дэрвэгэр жиргэрүү гэх мэт байгалийн дагалт баялгийг хил давуулах зөвшөөрөл өгөхийн тулд их хэмжээний хахуульудаа дараа авч байсан бололтой.
Эх сурвалж: Erennews.mn