ЭЕШ-тай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир, Боловсролын үнэлгээний төвийн дарга Л.Ганбат нар өнөөдөр элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл, бэлтгэл, зохион байгуулалтын асуудлаар мэдээлэл хийлээ.

2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл 02-р сарын 25-наас 05-р сарын 05-ны хооронд явагдаж улсын хэмжээнд нийт 40420 шалгуулагч бүртгүүлсэн байна. Элсэлтийн ерөнхий шалгалт 2021 оны 07-р сарын 01-ний өдөр Монгол улсын түүх хичээлийн шалгалтаар эхэлж, 2021 оны 07-р сарын 04-ний өдөр Монгол хэлний хичээлийн шалгалтаар дуусна.

Засгийн газрын 2021 оны 05-р сарын 12-ны өдрийн хурлаар их, дээд сургуульд элсэгчдээс авдаг Монгол хэлбичгийн шалгалтын зохион байгуулахгүйгээр шийдвэр гаргасан. Мөн 2021 оны 05-р сарын 17-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийн сурагчдад танхимаар давтлагад хамрагдах боломжоор хангахаар боллоо. Тухайн сурагч сайн дурын үндсэн дээр шалгалт өгөхөөр сонгосон хичээлүүдээр давтлагад хамрагдана. Давтлага зохион байгуулахтай холбоотой зөвлөмжийг хариуцсан мэргэжилтнүүдэд хүргэх болно. Хичээл сонголтын мэдээллийг сургууль тус бүрээр аймаг, дүүргийн Боловсрол, соёл, урлагийн газрын ЭЕШ-ийн бүртгэл хариуцсан мэргэжилтэн www.eyesh.eec.mn/ppo цахим хуудсаар өөрийн эрхээр нэвтрэн гарган авч дараах загвар хүснэгтээр сургуулиудад хүргүүлнэ.

Шалгуулагчийн шалгалтын байр, анги танхим заасан “Суудлын хуваарь” 2021 оны 05-р сарын 20-ны өдрөөс эхлэн www.eec.mn цахим хуудсанд байршина. Иймд тухайн шалгуулагч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч “Суудлын хуваарь” хэсэгт даран хэвлэж авна.

Энэ онд ЕБС төгсөж буй шалгуулагчид өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх оны шалгуулагчдын бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан тул шууд хэвлэн авна.

Улсын хэмжээнд нийт 50 шалгалтын байр ажиллах бөгөөд үүнээс нийслэлд 28, орон нутагт 22 байна. Шалгалтын байранд халдвар хамгааллын нарийн дэглэм мөрдүүлэн ажиллана. Хэрэв шалгуулагч коронавирусний халдвар авсан бол шалгалтад оролцох бүх боломжоор хангах бөгөөд шалгалтын төвүүдэд тусгай анги бэлтгэх болно. Шалгалтын дүн оноог “Шууд засалтын шилэн технологи” ашиглан шууд мэдээлнэ.

Элсэлтийн ерөнхий шалгалтын шалгуулагч, багш, эцэг эхэд зориулан “Мэргэжилтэн зөвлөж байна” буланг фэйсбүүк лайв ашиглан Боловсролын үнэлгээний төв фэйсбүүк пэйж хуудсаар явуулж байна. Мөн шалгуулагчдад зориулсан цахим зөвлөх /help.eec.mn/ портал сайтыг ажиллуулж байна. Та уг help.eec.mn цахим зөвлөхөөс Элсэлтийн ерөнхий шалгалтын журам, зөвлөгөө мэдээлэл, мэргэжилтэн зөвлөж байна булан, элсэгчийн сонин, шалгалтын блюпринт, хариултын хуудас зэрэг бүхий л мэдээ мэдээллийг цагийн хязгааргүй, дата зарцуулахгүйгээр хүлээн авах боломжтой. Шалгалтад бүртгүүлэгчдийн и-майл хаягаар 7 хоног болгон зөвлөгөө мэдээлэл илгээн ажиллаж байна.

Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв