Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаас таван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас өнгөрсөн сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл -ийн талаар хэлэлцэв. Энэ талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хийсэн юм.
Олон улсын хөрөнгө оруулалтыг банк (ОУХОБ)-ийг хуучнаар Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн гишүүн орнуудын Засгийн газар хоорондын 1970 оны хэлэлцээрийн дагуу анх үүсгэн байгуулсан бөгөөд манай улсын хувьд тус хэлэлцээрийг БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1970 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 26 тоот “Хэлэлцээр батлах тухай” тогтоолоор баталжээ.
Харин Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт оруулах тухай протоколыг 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр БНКУ-ын Гавана хотноо үйлдсэн байна. Иймээс Монгол Улс нь тус банкны гишүүн улсын хувьд Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг хүлээн зөвшөөрч, гишүүний эрхээ хадгалах зорилгоор уг хуулийн төслийг боловсруулан танилцуулж байгааг сайд танилцуулгадаа дурдав.
ОУХОБ-ыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн протоколоор оруулж буй өөрчлөлт нь тус банкийг орчин үеийн олон улсын хөгжлийн банкуудын үйл ажиллагаанд мөрдөгддөг нийтлэг зарчимд нийцүүлэх зорилготой юм байна. Тухайлбал, компанийн засаглалын шинэ систем буюу Удирдлагын дээд түвшнийг Удирдах Зөвлөл, Захирлуудын зөвлөл, Ерөнхий хороо зэрэг гурван түвшинт удирдлагад шилжүүлэх, шинэ дүрмээр Удирдах зөвлөл, Захирлуудын зөвлөл, Ерөнхий хорооны эрх, үүргийг зааглан тогтоох, санал хураах зарчмыг шинэчилж “Нэг орон-нэг санал” гэсэн санал хураалтын хуучин зарчмаас татгалзан олон улсын хөгжлийн банкуудын жишгийн дагуу гишүүн орнуудаас банкны дүрмийн санд оруулсан хөрөнгийн хэмжээнээс хамаарсан санал хураалтын шударга зарчимд шилжиж байгаа аж. Олон улсын статус бүхий хөгжлийн банкуудад бүгдэд нь, тухайлбал Монгол Улс гишүүнээр нь орсон АХБ, Дэлхийн банк, ЕСБХБ-д банкны дүрмийн санд оруулсан хөрөнгөөс хамаарсан санал өгөлтийн тогтолцоо мөрдөгддөг аж.
Сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан нар асуулт асууж тодруулан хариулт авсан бөгөөд харин гишүүдээс санал гарсангүй. Ингээд протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжих санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжив.
Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон улсын банк үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааны тухай хэлэлцээр болон Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон улсын банкны дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийг хэлэлцэж, энэ асуудлын талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулга хийлээ.
Сангийн сайд танилцуулгадаа, Монгол Улс нь Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк (ЭЗХАОУБ)-ны гишүүн улсын хувьд тус банкийг үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааны тухай 1963 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хэлэлцээр болон Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкны дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг хүлээн зөвшөөрч, гишүүний эрхээ хадгалах зорилгоор хуулийн төслийг боловсруулан танилцуулж байгааг дурдлаа.
ЭЗХАОУБ нь хуучнаар Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл (ЭЗХТЗ)-ийн гишүүн орнуудын Засгийн газар хоорондын 1963 оны хэлэлцээрийн дагуу үүсгэн байгуулсан бөгөөд манай улс тус хэлэлцээрийг БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1963 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Хэлэлцээр батлах тухай” 223 дугаар зарлигаар баталсан байна.
ЭЗХАОУБ-ны 1963 оны 10 дугаар сарын 22-ны өдөр баталсан Хэлэлцээр болон банкны Дүрэмд 1970 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн протокол, 1977 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн протокол, 1990 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн протокол, 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн протоколоор тус тус холбогдох өөрчлөлтүүдийг оруулжээ.